2010
Фижи: Итгэлийн үр жимс
2010 оны дөрөвдүгээр сар


Фижи Итгэлийн үр жимс

Нэг гэр бүл үнэнийг нээсэн, өөр нэг гэр бүлийн хайр өсөн хөгжсөн болон нэг залуу эмэгтэйн бат бөх итгэл.

Фижи арал нэгэн цагт дэлхийн үлдсэн хэсгээс хол, улам түргэн газар авч байгаа асуудлуудаас ангид, хот маягийн амьдралтай адилгүй юм шиг санагддаг байлаа. Гэтэл энэ нь удаан үргэлжилсэнгүй. Нисэх онгоц, хиймэл дагуул, дэлхий дахиныг хамарсан худалдаа нь эдүгээ Фижи арал дээр дэлхийн хаана ч байдагтай адил орчин үеийн амьдралд тохиолддог бүхий л сорилтыг бий болгожээ. Фижи дэх Сүмийн гишүүдэд тохиолдож байгаа сорилтуудыг даван туулах арга зам нь дэлхийн бусад аль ч хэсгийнхтэй адил: сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байх явдал мөн.

Эдгээр зарчмууд амьдралд хэрхэн нөлөөлдгийг Фижийн гурван жишээ бидэнд зааж байна.

Кумарын гэр бүл

Ууган хүү Райяныгаа ёс суртахууныг дээдлэн, үр бүтээлтэй амьдраасай хэмээн хүссэн Жорж Кумар зөв арга замыг эрж хайж байжээ. Кумарын гэр бүл бүр илүү чухал зүйл-амьдралд нь шинэ, илүү аз жаргалтай арга замыг авчирсан сайн мэдээний мөнхийн үнэнүүдийг олжээ.

Сайн мэдээ гэр бүлийг нь шинэчилсэн юм гэж Кумар ах ярилаа. “Бид улам олон цагийг хамтдаа өнгөрүүлж, бие биетэйгээ илүү нээлттэй болсон нь үр ашгаа өгч байна.” Тэд гэр бүлээрээ өдөр бүр залбирдаг бөгөөд тогтмол хийдэг гэр бүлийн үдэш бол “заавал” хийх ёстой зүйл болсон гэж Райян ярив.

Сүм уруу хөтөлсөн замаар тэднийг удирдсан хүн бол Райян аж.

Жорж Кумар Райяныг тав зургаан настай байхаас нь амьдралд хүүгийнхээ замнах ёстой замын талаар санаа тавьж эхэлжээ. Райян болон түүний найз нар цаг заваа үр бүтээлтэй өнгөрүүлэхгүй байгаад санаа нь зовсон Жорж хүүг нь амьдралын өөр хэв зуршилтай залуу хүмүүс хүрээлдэг байх арга замыг олсон ажээ. Сува дахь Фижийн ХҮГ-ийн Сүмийн Коллежид ажилладаг үеэлтэйгээ Жорж ярилцаж байгаад Райян энэ коллежид элсэх бэлтгэлээ хангаж болох юм гэж боджээ. (Сүмийн Коллеж нь бусад бүс нутгууд дахь дунд, ахлах сургуулиудтай дүйх хоёр дахь шатны сургууль юм.)

Сүмийн Коллежид элссэний дараа Райяны зан төлөв сайжран өөрчлөгдсөн аж. “Энэ нь бусад оюутнуудаас үлгэр дууриал авсан” хэмээн тэр хэлэв. Өмнө нь тэр найз нартайгаа үр ашиггүй юм хийж олон цагийг өнгөрүүлдэг байжээ. Гэвч Сүмийн сургуулийн оюутнуудын амьдрал өөр байгааг харсны дараа “Би өмнө нь хийдэг байсан зүйлсээ үргэлжлүүлэх хүсэлгүй болсон” гэж тэр ярилаа.

Райян сайн мэдээний тухай гэрчлэлтэй болж, баптисм хүртэн, гишүүнээр батлуулах зөвшөөрлийг эцэг эхээсээ хүсэхэд тэд хүүгийнхээ амьдралд гарсан өөрчлөлтөнд маш их баярлаж, дуртайяа зөвшөөрчээ. Райян хуучин найз нараасаа хөндийрч, шинэ найзуудтай болсон гэнэ.

Тэрээр номлогчдын үгийг сонсохыг аав, ээж хоёроосоо хүссэн аж. Тэгэхэд “бид хоёр дургүй байсныг яана” гэж Жорж өнгөрснөө дурсан хэлэв. Райяны амьдралд сайн мэдээний авчирсан өөрчлөлтүүдийг эцэг эх хоёр нь харсан учраас Сүм сайн юм байна гэдгийг мэдсэн ажээ. Райяны зан төлөв өөрчлөгдсөн нь Сүмийн Коллежид суралцсан гурав дахь жил буюу төгсөх жил илт харагдаж, тэрээр шилдэг эрэгтэй оюутнаар тодорсон аж. Энэ бол хичээл сурлагынхаа нийт цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг оюутанд үзүүлдэг хүндэтгэл юм.

Райяны зан төлөвт гарсан өөрчлөлт эхний үед эцэг эхэд нь хачирхалтай санагдсан гэнэ. Жишээ нь, сарын эхний ням гарагт хоол идэж байх хэрэгтэйг түүнд итгүүлж чадаагүйдээ тэд гайхдаг байж. Гэвч Райян мацгийн зорилгыг тайлбарлахад, эцэг эх хоёр нь түүний амьдралд гарсан өөрчлөлтийг илүү гүнзгий ойлгожээ.

Райяны дүү Майкл бас ахынхаа зан төлөвт гарсан өөрчлөлтийг ажиглаад, сайн мэдээг сонссон аж. “Райян Сүмийн үйл ажиллагаануудад яваад эргэж ирэх бүрдээ баяртай байдаг нь миний анхаарлыг татсан юм” гэж Майкл ярилаа. “Би өөрийн эрхгүй номлогчдод татагдаж эхэлсэн. Ингээд тэднээр хичээл заалгаж, баптисм хүртэн, гишүүн болохыг хүссэн юм.”

Номлогчид баптисмынх нь дараа Майклд шинэ гишүүний хичээл заах үеэр ээж Алитиана нь сонсож эхэлжээ. Энэ нь нөхөрт нь нөлөөлж, удалгүй Жорж эхнэртэйгээ гэрчлэлтэй болжээ.

2006 онд Райян Шинэ Зеландын Веллингтоны Номлолд үйлчлэхээр явахынх нь өмнөхөн аав, ээж хоёр нь баптисм хүртсэн онцгой үйл явдал түүнд тохиожээ. Хожим нь Майклыг номлолд явахаас өмнөхөн аав, ээж хоёроо дагаж ариун сүмд орох онцгой боломж түүнд тохиосон аж. Райяныг Шинэ Зеландаас буцаж ирэхийн өмнөхөн 2008 оны наймдугаар сард Ахлагч Майкл Кумар Ютагийн Солт Лейк хотын өмнөд Номлолд иржээ.

Аравны нэгээ төлөөд цаана нь хүүгийнхээ номлолд дэмжлэг үзүүлэх нь Кумарынханд хүнд туссан аж. Кумар ахын орлого тэдний барьцаат зээл болон бусад өр төлбөрт л хүрдэг байж. Гэвч тэд шаардлагатай золиослолыг хийжээ. Гэр бүлийнхэн тэрхүү хэрэгцээг бүгдээрээ ойлгож байлаа. Жишээ нь, Кумар ахыг хөгжилтэйгөөр энэ орой “хэвийн” хоол идэх болно гэхэд нь орой махгүй хоол идэх юм байна гэж тэднийхэн бүгдээрээ ойлгодог аж. “Бид олон өдөр ердөө талх, какоа иддэг байлаа” гэж Майкл дурсан ярилаа.

Аав, ээжийнхээ хийсэн золиослолд баярлаж явдаг гэж Райян хэллээ. “Аав ээж хоёр хийсэн гэрээнүүддээ үнэхээр итгэлтэй үнэнч байдгийг би мэдсэн.”

Хөрвөлтөөсөө хойш, “бид хүнд сорилтуудыг гэр бүлээрээ амжилттай даван туулдаг болсон. Тэнгэрлэг Эцэг бидэнд тусалдаг” гэж Райяны эрэгтэй дүү хэллээ.

Энэ гэр бүлийн хөрвөлт бусад хүмүүсийн амьдралд түргэн нөлөөлсөн аж. Кумарынхантай хамт амьдрахаар ирсэн, Райян, Майкл нарын хоёр үеэл бас номлогчдын хичээлүүдийг сонсож, Сүмд элсэхээр шийдсэн гэнэ.

Кумарынхны золиослолоос материаллаг болон сүнсний адислал аль аль нь ирсэн юм гэж Кумар ах хэллээ. Тэд хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангахад хүрэлцэхүйц мөнгө олж чадсан аж. Майклыг номлолд явсны дараа Кумар ах барьцаат зээлээ илүү хурдан төлж дуусгах боломжтой шинэ ажилд оржээ.

Гэвч Кумарынхны хүлээн авсан сүнсний адислалууд тэдний амьдралд бүр ч илүү чухал байлаа. Жорж, Алитиана хоёр дуудлагат ажилдаа-Жорж Фижийн хойд Сувагийн гадасны Ламийн хоёрдугаар тойргийн ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч, Алитиана тойргийнхоо Хүүхдийн Хэсгийн хоёрдугаар зөвлөхийн дуудлагадаа өсч хөгжсөн ажээ.

Амьдралын талаарх үзэл бодол нь үе тэнгийн олон залуусаас огт өөр болсныг Райян ажиглажээ. “Бурханы хаант улсыг байгуулахын тулд хийх ямар нэг зүйл надад үргэлж байдаг. “Ирээдүйг төлөвлөхөд, сайн мэдээ “юмсыг мөнхийн хэтийн төлөвийн үүднээс харахад” итгэлтнүүдийг хүргэдэг гэж тэр хэллээ.

Жорж Кумар, Алитиана Кумар нар сайн мэдээг сонсохоосоо өмнө хоёул Христийн сургаалуудыг заалгаж байжээ. Гэвч тэд заалгасан зүйлээсээ тайтгарлыг олдоггүй байж. “Бусад шашнуудад, Бурханы уур хилэнгээс айн сүрдэж, эмээхийг заадаг. Харин Есүс Христийн Цагаатгал танд өөр боломжийг олгодог” гэж Кумар ах хэллээ.

Кумарынхан тэрхүү хоёр дахь боломжийг хамгийн ихээр ашиглахыг хичээдэг ажээ.

Нейвалювоугийнхны ам бүл

Пени Нейвалювоу, Жиени Нейвалювоу хоёр Фижи дэх ХҮГ Сүмийн Коллежид сурдаг Вануатугийн дөрвөн охиныг өөрсөд дээрээ авснаар гэр бүлийнхээ хэмжээг хоёр дахин томруулсан аж. Гэвч Нейвалювоугийнхан үүнийг золиослол гэж үзэхгүй байгаа гэнэ. Ингэснийхээ төлөө тэд хангалттай адислагдсан гэж боддог ажээ. Тэдгээр адислалуудын нэг нь 2009 оны нэгдүгээр сард тэдний ам бүлд шинээр төрсөн бяцхан хүү Хаготыгаа гэж тэд боддог аж.

2008 оны эхээр Фижийн Хойд Сувгийн гадасны бишоп Нейвалювоу, Нейвалювоу эгч хоёр Вануатугийн хоёр оюутанд амьдрах орон байр хэрэгтэй байгааг сонсоод өөрсдийнхөө нөхцөл байдлыг эргэцүүлэн бодож үзсэн гэнэ. Тэдний хоёр хүү 18 настай Соане, 16 настай Росс хоёр аавынхаа талын өвөг дээдсийн нутаг Тонгад Сүмийн сургуульд сурдаг учраас гэртээ байхгүй байлаа. Вануатугийн хоёр охин Сувад ХҮГ биш нэг айлд эцэг эхийнхээ мөнгөөр өндөр хөлсөөр сууж байжээ. Тэр хоёр охин 13 настай Андреа Нейвалювоуд сайн нөхөд болохоор байв. Андреа бас Сүмийн Коллежид явдаг бөгөөд үдээс хойш эцэг эх хоёроо ажилд явахаас өмнө гэртээ ирдэг байв. Тиймээс Нейвалювоу ах, эгч хоёр Вануатугийн хоёр охиныг гэртээ үнэ хөлсгүйгээр сууна уу гэж урихаар шийджээ.

Хоёр охин бага ч гэсэн хөлс төлье гэж зүтгэсэн гэнэ. Гэвч энэ нь тэдний өмнө төлж байсан байрны хөлсний хагаст хүрэхгүй байсан нь охидын гэр бүлд адислал болсон аж.

Дөрөвдүгээр сард Вануатугийн өөр хоёр охин тэднийд айлчилж ирсэн гэнэ. Нейвалювоугийнхны гэр орон дахь уур амьсгал тэдэнд их таалагджээ. Хэсэгхэн хугацааны дараа энэ хоёр охин тэднийд суухаар ирж болох уу гэхэд тэднийг баяртайгаар хүлээн авчээ.

Гэртээ гадны дөрвөн хүнийг байлгах нь ямар байв даа? “Дөрвөн охин яг л манай охид юм шиг тийм харилцааг бид бий болгож чадлаа” гэж бишоп Нейвалювоу хэлэв. Нейвалювоугийнхан охидыг анхнаасаа л гэр бүлийнхээ хэсэг гэж үзэх болно гэдгээ тодорхой ойлгуулсан ажээ. Вануатугийн дөрвөн охин өөр өөр айлаас ирсэн ч, Нейвалювоугийнд бол тэд нэг эцэг эхээс төрсөн эгч дүүс шиг байдаг ажээ. Андреа Нейвалювоу ч бас тэднийг “миний эгч нар” гэдэг аж. Эгчмэд охид түүнийг харж хандан, хэрэгтэй болсон үед бүр гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг гэж Андреа ярьж байна. Дөрвөн охин бишоп Нейвалювоу, Нейвалювоу эгч хоёрыг фижи хэлээр Ta, Нa—“Аав,” “Ээж” гэж дууддаг болжээ.

Сүмийн Коллежид сурдаг Вануатугийн охид гишүүн айлуудад суусан анхны тохиолдол энэ байх гэж Нейвалювоу эгч хэлэв. Охидын нэгнийх нь аав эднийд ирж үзээд, охинд нь харуулсан хайрын төлөө Нейвалювоугийнханд гүн талархлаа илэрхийлсэн аж.

Охидын нэг, Вануатугийн дүүргийн ерөнхийлөгчийн охин тэдний гэр бүлд итгэлээрээ маш сайн үлгэр дууриал үзүүлдгийг Нейвалювоу эгч онцлон тэмдэглэж байлаа. Судар тогтмол судалж, гэр бүлийн залбирал байнга хийж байхад тэр охины үлгэр жишээ гэр бүлд нь тусалсан гэж бишоп Нейвалювоу ярив.

Тэд байгаа юмаа бусадтай хуваалцсан учраас материаллаг аж байдлын хувьд адислагдсанаа бишоп Нейвалювоу, Нейвалювоу эгч хоёр ярьж байлаа. Тэдний нөөц улам нэмэгдсэн гэнэ. Нейвалювоу эгч арван гурван жилийн дараа дахин жирэмсэлснээ хайраа бусадтай хуваалцахад бэлэн байсантай холбоотой гэдэгт тэр итгэдэг ажээ.

Нейвалювоугийнхны хоёр хүү Тонгад сургуулиа дүүргэж, гэртээ эргэж ирэхэд тэд бас хоёр залуу эмэгтэйг гэр бүлийнхээ хэсэг болгон хүлээж авсан гэнэ. Харин Соане залуу бүсгүйчүүдийг яг эгч нар гэж үзэхгүй байгаагийнхаа учрыг тайлбарлажээ. Тэрээр залуу эмэгтэйчүүдийн нэгэнтэй нь болзож болох юм гэж боджээ. Тэрээр боловсон эрийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн аж.

Дөрвөн охин хичээлийн жилээ дуусгаад 2008 оны сүүлчээр Вануату дахь гэртээ харих болсон үед тэд салах ёс гүйцэтгэсэн нь сэтгэл догдлом байлаа хэмээн бишоп Нейвалювоу дурсан ярьж байлаа. Бишоп эхнэрийнхээ хамт дөрвөн охинтойгоо эцэг эхийн ёсоор салах ёс гүйцэтгэсэн аж. 2009 оны хичээлийн шинэ жил эхэлж, дөрвөн “охин” нь мөн өөр хоёрыг бас нэмж хүлээн авахдаа Нейвалювоугийнхан баяртай байлаа.

Тэднийх дөрөвхөн унтлагын өрөөтэй байж, өөрийнхөө охин, шинээр төрсөн бяцхан хүүхдээс гадна насанд хүрсэн зургаан эмэгтэйг яаж багтаадаг юм бол гэж зарим хүмүүс гайхаж болох юм. Гэвч Нейвалювоугийнхан хүндрэлийг амархан шийдсэн аж.

Эцсийн эцэст энэ нь хүний зай багтаамжийн асуудал биш, харин хайраа бусдад харуулсан асуудал байлаа.

Асеака Рамасима

Асенака Рамасима Фижи дэх ХҮГ Сүмийн Коллежийн оюутнуудад зориулсан нэр хүндтэй хоёр дээд шагналыг 2008 онд хүртжээ. Нэгдүгээрт, тэр сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарчээ. Энэхүү шагналыг сургалтын тэтгэлэг дагалддаг байна. Үүний хамт тэрээр үлгэр жишээч семинарын оюутанд олгодог Lion of the Lord Award (Их Эзэний Арслан) шагналыг авсан аж. Тэрээр энэхүү хоёр дахь шагналыг нэгдэхээсээ илүү үнэлдэг аж. Учир нь энэ шагнал бол Тэнгэр дэх Эцэгтээ итгэх итгэлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг хэрхэн хичээдгийн сануулагч юм.

Асенака дөнгөж 19 хүрч байгаа ч, амьдрал түүнд хатуу бэрхийг аль хэдийн амсуулаад амжжээ. Тэд Фижийн Сува Ариун сүмд 2001 онд лацдан холбуулсан учраас гэр бүл нь мөнхийнх болсон гэдгийг мэддэг болсноос ирдэг баяр баяслаар, мөн Тэнгэрлэг Эцэг нь түүнийг мэдэж, хайрладаг гэдгийг мэддэгээс ирдэг баяр баяслаар нүүр нь гэрэлтэн байдаг.

Асенаса бол дээрээ дөрвөн ахтай, таван хүүхдийн отгон нь аж. Аав нь нас барахад, тэр үед номлолд үйлчилж байсан ууган ах нь, аав нь тэднийг бүр орхиод явчихаж байгаа юм биш, аав нь үргэлж ойрхон байх болно гэж тэдэнд итгүүлж байсныг санадаг гэнэ.

Ах нар нь гэр бүлээ тэжээгчид болсон бол ээж нь тэднийг сүнслэг байдлын хувьд нягтруулан үргэлж хамтад нь байлгадаг болжээ. Хүүхдүүд эцэг эхийнхээ үлгэр жишээг дагасан үед ашиг тусыг олдог.

“Аав минь надад сүнслэг байдлын үлгэр жишээ байлаа. ‘Шаргуу ажилла, шаргуу хөдөлмөрлө’ гэж бидэнд үргэлж сургадаг сан” гэж Асенака намуухан дуугаар өгүүлэв. Хичээл сурлагандаа махруу шамддаг нь аавыгаа хүндэтгэх, ээждээ туслах түүний арга зам юм. Шилдэг оюутны шагналыг дагалддаг сургалтын тэтгэлэг нь боловсролынхоо зардалд Асенакагийн өөрөө оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм.

Эцэг эхийнх нь үлгэр дууриал бас сүнсний боловсролынх нь үндэс суурь болсон аж. “Бид өдөр бүр гэр бүлээрээ судар уншдаг байлаа. Бас аав, ээж хоёр маань үлгэр жишээгээрээ бидэнд заадаг байлаа” гэж Асенака ярив. Ээж нь гэр бүлийг нь нягтруулан төлөвшүүлсээр байгааг тэрээр нэмж хэллээ.

Хувиараа судар тогтмол судалдаг нь Есүс Христэд итгэх итгэлээ сахин, бэхжүүлэхэд Асенакад тусалдаг байна. Хичээлийнх нь хуваарь ямар ч байсан хамаагүй тэрээр судар унших цаг гаргадаг ажээ.

Есүс Христэд итгэх итгэл нь Тэнгэрлэг Эцэгтээ ойр дотно байхад тусалдаг учраас тэрээр удирдамж хүсэн Түүнд ханддаг байна. “Тэнгэрлэг Эцэг удирдамж өгөхөд үргэлж бэлэн байдаг” гэж тэр хэлэв. “Надаар хийлгэхээр Түүний хүсдэг зүйлийг би хийх юм бол Тэрбээр үргэлж миний төлөө байх болно. Мөн Түүний Сүнс зөв зүйлийг надад батлах болно.”

Өөрийнх нь насны зарим залуу эмэгтэйчүүд согтууруулах ундаа ууж, тамхи татан, ариун явдлыг огоорсноор “хөгжилтэй байх” тухай түүнд ярих үед тэрхүү удирдамж чухал юм. “Дээрх зүйлс миний итгэл үнэмшлийн эсрэг юм. Итгэл бишрэл, аюулгүй байдлынхаа улмаас ‘Би ингэж чадахгүй’ гэж хэлэхэд нь Тэнгэрлэг Эцэгийн удирдамж тусалдаг” гэж Асенака хэллээ.

Сүмд үйлчлэх нь өөр арга замаар төлөвшүүлэх боломжгүй итгэлийг хөгжүүлэхэд түүнд тусалдаг гэж тэр хэлэв. Түүнийг Сүмийн Коллежоо төгсөхөд тэрхүү итгэл чухал байх болно. Учир нь тэрээр Ютагийн Прово юм уу Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд нягтлан бодохын мэргэжлээр суралцах хүсэлтэй байдаг аж.

Энэ хоёр газар Сувгийн зах дахь хөдөөгийн гэрээс нь алс хол оршдог. Гэрээсээ тийм хол газар явах нь аймаар биш үү? Асенака энэ асуултын талаар хормын төдийд бодож үзсэнээ, яралзтал инээмсэглэн, тийм ээ гэж хариулав. Гэвч тэрээр зорилгодоо хүрэх болно.

Асенака хэлсэндээ хүрнэ гэдэгт итгэх нь хэцүү биш юм. Тэрээр зорилгоо биелүүлэхийн төлөө үнэхээр ихийг хийжээ. Тэрээр Фижийн итгэлтэй бусад гишүүдийн адил итгэлээ хэрэгжүүлж, зарлигуудыг сахиснаар сүнслэг болон материаллаг аж байдлын аль алинаар нь өсч хөгжсөн аж.

Дон Л.Сөөрлийн гэрэл зургууд

Жорж, Алитиана, Райян Кумар.

Ахлагч Майкл Кумар Ютагийн Солт Лейк хотын өмнөд Номлолд үйлчилж байхдаа

Өмнө талд: Пени, Жиени, Андреа Нейвалювоу нар Ар талд: Соане Нейвалювоу, Росс Нейвалювоу хоёр.

Фижийн Сува Ариун сүм