2010
Би ариун сүмд явах хэрэгтэй
2010 оны дөрөвдүгээр сар


Би ариун сүмявах ёстой

Осол болон олон өдөр шөнө автобус, усан онгоцоор удаан явж, өндөр зардал төлөх нь Бразилын энэ ахыг ариун сүмд явахад саад болоогүй аж.

Хосе Гонзалвез да Сильва нэрийг нь хүмүүс дуудахад гэнэт сэржээ. Харанхуй байсан болохоор тэр хаана байгаагаа мэдсэнгүй.

“Автобус савж унахад би таг унтчихсан байлаа” гэж Хосе 2008 оны нэгдүгээр сарын өглөө эрт болсон ослын тухай өгүүллээ. “Би автобусны ар талд ачаан дотор дарагдчихсан учир хэн ч намайг олохгүй байсан гэдэг. Хэдэн ах нар чемодануудыг авч нэг дор хураах үед намайг олжээ.

Автобусны жолооч өмнөд Венесуэлийн өтгөн ой дундуур салхи бороотой, нарийхан зам дээр хяналт алдах үед Хосе болон Бразилын Манаусын бусад Хожмын Үеийн Гэгээнтнүүд Венесуэлийн Каракасын Ариун сүм хүрэх замынхаа хагасыг туулаад байжээ. Хосе бага зэргийн гэмтэл авсан бол өөр хэдэн ах эгч нарыг эмнэлэгт хүргэсэн аж.

Осол болоход санаа нь зовсон гэр бүлийнх нь гишүүд “Ариун сүмд явахаа болих хэрэгтэй” гэж 80 хүрсэн Хосед хэлсэн гэнэ. Гэвч тэр шийдвэрээсээ няцалгүй: “Би ариун сүмд явах хэрэгтэй. Их Эзэн боломж олговол, би эргэж ирэхдээ л ирнэ” гэжээ.

Тэрээр 2009 оны эхээр Каракас уруу хийсэн дөрөв дэх аялалдаа зориулж, тэр даруй мөнгө хадгалж эхэлсэн гэнэ. Өмнө нь Бразилын Сан Паулогийн Ариун сүм уруу хийсэн гурван аялалтай харьцуулбал, автобусаар 40 цаг явах нь Гонзалвез да Сильва ахад хөнгөн ажээ. Манаусаас өмнө зүгт хэдэн мянган километр хол орших Сан Паулогийн Ариун сүм олон жилийн туршид умард Амазон муж дахь хоёр сая хүнтэй энэ хотод хамгийн ойрхон ариун сүм байлаа. Дараа нь 2005 онд Манаус Венесуэлийн Каракасын Ариун сүмийн харьяалалд шилжжээ.

Сан Пауло уруу аялдаг байсан өмнөх жилүүдэд “бид Манауст усан онгоцонд суугаад дөрвөн өдөр явж, Рондония мужийн нийслэл Порто Велод хүрдэг байлаа. “Тэгээд тэндээс Сан Пауло уруу дөрвөн өдөр автобусаар явдаг байв. Эхнэр маань Сүмийн гишүүн биш. Иймээс 1985 онд би ариун сүмд ганцаараа явсан. Порто Велод оройтож ирсэн учир автобус зогссон байлаа. Иймээс би автобусны буудал дээр хоносон. Маргааш өглөө нь Сан Пауло уруу хөдлөв. Аялал их сайхан байлаа. Харин бага зэрэг ядарсан шүү” гэж Хосе ярив.

Тэгээд тэр гэртээ харих найман өдрийн аянд гарахаасаа өмнө бүтэн гурван өдрийг ариун сүмд үйлчилж өнгөрөөсөн гэнэ. Ариун сүмд явах зардалтай болохын тулд тэтгэврээсээ бүтэн жилийн турш мөнгө хуримтлуулжээ.

“Ариун сүмд явах нь золиослол мөн ч, үнэ цэнэтэй юм” гэж гэр бүлийнхээ олон хүнд төлөөлөх ёслол хийлгэсэн Гонзалвез да Сильва ярив. “Эцэг эх хоёроо лацдан холбуулах ёслолд би аавынхаа өмнөөс баптисм хүртсэн бол өөр нэг хүн ээжийн өмнөөс баптисм хийлгэсэн тэр өдөр онцгой баяр баясгаланг мэдэрч билээ. Энэ бол ер бусын сайхан боломж байлаа. Ах эгч нар маань бүгд талийгаач болсон. Гэхдээ би ариун сүмд очих үеэрээ тэдний төлөө ариун сүмийн ёслолуудыг хийлгэж дууслаа.”

Ариун сүмд орохын тулд ийм хол явж, золиослол хийж байгаа нь Манауст ариун сүмтэй болох тэр өдрийн төлөө талархалтай байхад нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд туслах болно гэдэгт Хосе итгэдэг ажээ. “Тэр өдрийг би сэтгэл догдлон хүлээж байна” гэж тэр хэллээ.

Хосег 1980 онд Сүмд элсэхэд Манауст 20 гишүүнтэй ганц жижиг салбар байсан гэнэ. Тэр үеэс хойш Сүм цэцэглэн хөгжсөөр эдүгээ найман гадсанд бараг 50,000 гишүүн амьдарч байгаа аж.

“Манауст ариун сүм баригдана гэж 2007 онд зарлахад би магнай хагартал баярласандаа уйлсан шүү. Тэгээд хойтон жил нь болсон ариун сүмийн газар хөндөх ёслолыг үзэх хүртэл намайг амьд байлгаж өгөөч гэж Их Эзэнд хандан залбирсан” гэж Хосе ярилаа. Одоо тэрээр ариун сүм дуусах хүртэл амьд явж, эхнэр нь баптисм хүртэн, хоёул лацдан холбуулахын төлөө залбирч байгаа гэнэ.

“Бид хэзээ нас барахаа мэдэхгүй л дээ. Гэвч тэр цаг ирэхэд бэлтгэлтэй, аз жаргалтай байх ёстой ” гэж Гонзалвез ах хэллээ. “Би Тэнгэр дэх Эцэг болон өөрийнхөө Аврагч Есүс Христийн дэргэд эргэж очихыг хүлээж байна. Ариун сүмд орох нь тэр өдөрт бэлтгэхэд надад тусалдаг юм.”

Зүүн талд: Венесуэлийн Каракасын Ариун сүмийн гэрэл зураг © IRI; зүүн дээд тал, баруун дээд тал: Майкл Р.Моррисын гэрэл зургууд

Венесуэлийн Каракасын Ариун сүм

Дээд талд: Хосе Гонзалвез да Сильва Бразилын Сро Паулогийн Ариун сүм уруу найман өдөр аяллаа эхлэхээр Рио Негрод.

Доод талд: Гонзалвез да Сильва ах Венесуэлийн Каракасын Ариун сүм уруу автобусаар 40 цаг явах аяллынхаа үеэр. Их Эзэний өргөөнд үйлчлэх нь агуу үнэтэй чухал зүйл гэж тэр хэлж байна.