2010
Түргэн тусламж дууд!
2010 оны дөрөвдүгээр сар


Түргэн тусламж дууд!

Симон Хийл, Квийнсланд, Австрали

1991 онд би байшингийнхаа дээврийн хонгилд банз хадаж байтал зүүн нүд уруу хурц хатгуулж өвдлөө. Өргөс хатгачихсан юм шиг хүчтэй өвдөлт удалгүй толгой уруу шилжив. Би ажлаа хийсээр байлаа. Гэвч бие нэг л эвгүй байсан учир арга буюу амрахаар унтлагын өрөө уруугаа очив.

Гэвч хэвтсэн тэр даруйд намуун, зөөлхөн дуу хоолой намайг өдөөв. “Бос” гэж Сүнс шивнэлээ. “Бүү унт”

Би энэхүү сэрэмжлүүлгийг тунгаан бодоод яадаг юм билээ гэж бодсоноо, толгой таллаж өвдөхөд уух гэж ээжийнхээ авсан үрлэн эмнээс нэгийг ууя гэж шийдлээ. Аав ээжийнхээ өрөөнд ороод үрлэн эмийг олсон боловч, савны тагийг ойнгойлгох гэтэл “Наад эмнээсээ битгий уу” гэсэн дуу хоолой дахин сонсогдлоо.

Жаахан байзнатал, нөгөөх дуу хоолой гурав дахь удаагаа: “Чи яг одоо утсаар түргэн тусламж дуудах хэрэгтэй” гэх нь тэр.

Би өмнө нь утсаар түргэн тусламж огт дуудаж байсангүй. Харин энэ удаа тэр даруй дуудлаа. Удалгүй түргэн тусламж ирж, хоёр бага эмч намайг дамнуурга дээр хэвтүүллээ. Тэд миний нэрийг асуусан нь миний санаж байгаа сүүлчийн зүйл байлаа. Тэгээд түүнээс цааш юу болсныг санахгүй байв.

Дараа нь би эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ухаан орсон юм. Бие суларч, ухаан балартсан ч, аав, бишоп хоёр миний толгой дээр гараа тавин адислал өгч байсныг санадаг. “Эрүүл мэнд тань юу ч болоогүй юм шиг сэргэх болно” гэсэн үгсийг би сонсож билээ.

Гурав хоног эрчимт эмчилгээний тасагт, дараа нь дөрөв хоног ердийн тасагт эмчлүүлсний дараа гэртээ харилаа. Зөвхөн тэр үед л миний тархинд цус харвасныг мэдэж билээ. Надад мэс засал хийсэн эмч намайг “бараг л үхлийн ирмэг дээр” байсныг, хэрэв толгой таллаж өвдөхөд уудаг үрлэн эмийг уусан бол үхэх байсныг хожим нь надад ярьсан юм.

Өнөөдөр би эрүүл чийрэг байна. Тэр нэгэн өдөр Их Эзэн санаа бодлыг минь удирдсанд би баярлаж явдаг. Би ариун сүмд хайрт эхнэртэйгээ лацдан холбуулсан. Бид хоёр таван сайхан хүүхэдтэй улс.

Амьдралын гайхамшгийн төлөө би Тэнгэрлэг Эцэгтээ болон өөрийн Аврагч Есүс Христэд талархалтай байдаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын надад өгсөн цаг хугацааг хамгийн ашигтай зүйл хийж өнгөрүүлэхийг өдөр бүр хичээдэг бөгөөд Сүнсний дуу хоолойн хамгаалах нөлөөг би талархалтайгаар санаж явдаг билээ.

Зүүн нүд уруу хатгуулж өвдөж байснаа удалгүй толгой янгинан өвдөж эхлэв. Хэвтээд удаагүй байтал, намуун зөөлхөн дуу хоолой: “Бос. Бүү унт” хэмээн надад сануулав.