2010
Нифайн түүх миний түүх болсон нь
2010 оны дөрөвдүгээр сар


Сайн мэдээ миний амьдралд

Нифайн түүх миний түүх болсон нь

Жейк утсаар ярьсан нь намайг сэтгэлээр унагасан ч, би эртний нэгэн бошиглогчийн жишээнээс найдварыг олсон юм.

Би коллеж төгссөнөөс хойш хэдэн жилийн дараа тойргийнхоо бусад ганц бие залуу насанд хүрэгчидтэй хамт гэр бүлийн үдэш дээр сууж байлаа. Биднийг манай гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг зөвлөхийн гэрт урьсан юм. Эхнэр нь хичээл заав.

Лебенээс гуулин ялтсуудыг авахаар явсан Нифай болон түүний ах нарын тухай шастирыг бид уншиж байлаа (1 Нифай 3-5-ыг үз). Нифайн харуулсан зориг, шаргуу тэвчээрийн тухай багш ярив. Тэгээд тэрээр манай жижигхэн бүлгийг харлаа. Түүний харц нэвт шувт ширтэх лүгээ адил байв.

“Нифай болон түүний ах нарт хүнд даалгавар өгсөн юм” гэж тэрээр онцлон тэмдэглэлээ. “Хэд хэдэн оролдлогоос аль нь ч амар хялбар байсангүй. Энэ бол шаргуу тэвчээр шаардсан ажил байлаа. Судруудыг олж авсны ачаар Нифай гэр бүлээ ‘итгэлгүйдээ бууран доройтож, мөхөхөөс сэрэмжлүүлсэн билээ’ (1 Нифай 4:13).

“Бидний хувийн амьдралд ‘гуулин ялтсуудыг олж авахтай адил хүнд сорилтууд’ байх болно” гэж тэр цааш нь яриагаа үргэлжлүүлэв. “Та бүхэн боловсрол олж авахдаа шаргуу тэвчээрээ харуулж болно. Та нарыг болзохдоо зориг тэвчээрээ харуулахыг уриалан дуудаж болно. Золиослол нь саад бэрхшээл, бүтэлгүйтэл, гай зовлон гээд юу ч бай, таны ирээдүйн гэр бүлийг итгэлгүйдээ бууран доройтохоос хамгаалж, буцаж яван ялтсуудыг олж авахад хүргэх болно.”

Энэ бол сайхан зүйрлэл мөн гэж би бодлоо. Би үүнийг хожим нь эргэн санахын тулд ой дуртгалдаа хадгалсан юм. Миний амьдралд олон саад бэрхшээл тохиолдоно гэж тэр үед би бодоогүй юм. Би сургуулиа төгслөө. Ажилдаа дуртай байлаа. Удаан үерхсэн нэг сайн найзтайгаа болзон уулздаг боллоо. Дөрвөн сар орчим болсны дараа нөгөө найз маань нэг л хачин болоод явчихлаа. Байдал ийм болсонд би яахин баяртай байх билээ.

Хэдэн сарын дараа Жейктэй (нэрийг өөрчлөв) харилцах миний харилцаа улам гүнзгийрэв. Гэвч Жейкийн аав ээж хоёр олон жилийн өмнө салсан бөгөөд тэдний салалт түүнд гүнзгий нөлөөлжээ. Бид хоёр гэрлэвэл, эцэг эхэд нь тохиолдсон шиг зүйл бидэнд тохиолдохвий гэдгээс тэр айдаг байлаа.

Хэрэгтэй бол юмсыг оюун ухаан, зүрх сэтгэлдээ тунгаан бодох хангалттай—бүр их цаг хугацааг би түүнд гаргаж өгөхөд бэлэн байлаа. Шийдвэр гаргахдаа айдас дээр биш итгэл дээр тулгуурлах тухай бид хоёр ярилцдаг байв. Бид сонгох эрх үүргийн тухай, бас эцэг эхийнх нь амьдралын зам түүний хувь тавиланд байна гэж бодох ёсгүй тухай ярилцдаг байв. Бид бас Есүс Христийн Цагаатгал болон бидний зүрх сэтгэлийг эдгээх Аврагчийн чадварын тухай ярилцана.

Бидний яриа түүний сэтгэлийн зовлонг бага ч атугай хөнгөвчилсөн байх. Бид хоёрын харилцаа ердийнхөөрөө үргэлжилж байлаа. Тэгтэл тэр нэг бямба гарагийн үдээс хойш утасдаж, хоёул харилцаагаа тасалъя гэсэнд би гайхахын ихээр гайхав. Тэрээр надтай эсвэл өөр хэн нэгэнтэй гэрлэж байгаагаа харж чадахгүй нь ээ хэмээн ярих нь тэр. Тэр гэрлэнэ гэдэгт ерөөсөө итгэхгүй болсон ажээ.

Бид хоёр дараагийнх нь бүтэн цаг өмнө ярилцсан зүйлээ давтсан ч, би түүнд итгүүлж чадсангүй. Тэр “намайг уучлаарай” гээд утсаа тавив. Би гэдэг хүн бүр элий балай болчихсон, орон дээрээ чимээгүй, мэлмэрүүлэн уйлж суулаа.

Хэсэг хугацааны дараа нэг өрөөнд амьдрагч найз маань хаалга тогшоод, “Гадасны чуулганд явах уу?” гэж асуулаа. Хаашаа ч явмааргүй, юу ч хиймээргүй санагдсан ч, хувцсаа өмсөж, түүний машинд орж суулаа.

Биднийг хүрч ирэхэд, хэдэн сарын өмнө гэр бүлийн үдэш дээр хичээл заасан нөгөөх эмэгтэй тэнд байхыг би олж харлаа. Бидний хэн нь ч юу ч хэлсэнгүй. Гэвч бидний харц тулгарах тэр агшинд, миний нэрийг хэлэн “Буцаж яваад ялтсуудыг авчир” гэж хэлэх дууг би оюун ухаандаа сонслоо.

Сүнсний энэхүү өдөөлтийн утга учрыг би мэдэж байлаа. Энэ бол ариун цэдгийг эргүүлж авчрах тухай эртний бошиглогчийн үг биш байв. Энэ бол миний тухай байлаа. Жейк гэрлэхэд итгэхээ больсон ч, би итгэсэн хэвээр байгаа шүү дээ. Би гэрлэлтэнд итгэлтэй байж, гэрлэхийн төлөө залбиран, үүнийг хүсч мөрөөдөн, идэвхтэй арга замаар гэрлэлтэнд бэлтгэж байсан билээ. Учир нь энэ бол хүүхдүүддээ зориулсан Бурханы төлөвлөгөө юм. Энэ бол би Жейк уруу эргэж очин, гэрлэх талаар түүнд “шахалт үзүүлэн” ятгах ёстой гэсэн үг биш. Бас энэ бол би энэ үеэс эхлэн өөр хэн нэгэнтэй болзож эхлэх хэрэгтэй гэсэн үг биш. Уй гашуугаа тайлж, эдгэрэхэд надад цаг хугацаа байгаа нь сайн хэрэг байлаа.

Гэвч би энэ үед өөрийгөө өрөвдөн алмайрч суухаас зайлсхийж чадсан юм. Жейкийн талаар болон бусад эрчүүдийн талаар тааламжгүй зүйл ярих уруу таталтаас зайлсхийж чадсан юм. Гэрлэлтэнд итгэдэг найз нарыг эрж хайн, гэрлэлтийг хүсэн хүлээсэн билээ. Бас эртний цэдгийг авчрах ч байна уу, гэрлэж, гэр бүл бий болгох ч байна уу, ялгаагүй хэрэгжүүлэх замыг нь бэлтгэлгүйгээр хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг зарлиг өгдөггүйд би Нифайн адил итгэсэн юм.

Би үүнийг хэрэгжүүлэхээр хичээж байгаа болохоос биш, хараахан амжилт олоогүй байгаа билээ. Би одоохондоо гэрлээгүй байна. Гэвч болзооны сайн туршлагатай болсондоо талархаж явдаг. Зөв шударга зорилго тавьж хэрэгжүүлэхэд шаргуу тэвчээрийн гүйцэтгэдэг үүргийг улам сайн ойлгосноор би энэхүү туршлагаа баяжуулж чадсан юм.

Нифайн шаргуу тэвчээрийн загварын тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скоттын сургамжилсан зүйлээр би бас тайтгарлыг мэдэрч, үүнд итгэдэг болсон. Тэрээр ийн хэлжээ:

“Нифай хоёр удаа амжилтгүй оролдлого хийсний дараа итгэлтэй хэвээр үлдсэн юм. Тэрээр ямар ч хариу ололгүйгээр Лебений гэрийг чиглэн хот уруу орсон юм. “‘Би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир Сүнсэнд хөтлөгдөн байлаа.’ Гэсэн хэдий ч би урагшлан явлаа” хэмээн тэрээр өгүүлжээ.’ (1 Нифай 4:6-7; налуу бичлэг нэмэгдсэн.)

“Нифай чадах бүхнээ хийж, олон удаа шаргуу оролдсон юм. Тэрээр өөртөө туслах шаргуу итгэлийг харуулсаар байв. Санаагаар огт унасангүй. Харин тэр Их Эзэнд итгэх итгэлтэй, дуулгавартай байж, сонгох эрхээ зөвөөр ашиглан, удирдамж хүлээн авч, энэ дагуу ажиллаж байлаа. Тэрээр алхам алхмаар амжилт олоход Сүнсээр нөлөөлөгдөн, Их Эзэн … зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах хүчийг өгсөн гэсэн ээжийнх нь үг түүнд нөлөөлсөн юм.’ (1 Нифай 5:8; налуу бичлэг нэмэгдсэн.)”1

Шаргуу тэвчээрийн энэхүү зарчим зөвхөн болзоогоор хязгаарлагдахгүй нь лавтай Эл зарчим бас архаг өвчний улмаас дахиад өдөржингөө бие нь өвдөхийг сэтгэл эмзэглэн хүлээдэг хүмүүст, гэрлэлтэд нь тохиолдсон сорилтыг даван туулахын төлөө шаргуу ажиллаж буй гэр бүлийн хост, буруу замаар орсон хүүхдийнхээ төлөө олон жил залбирч байгаа эцэг эхчүүдэд, итгэл бишрэлийнхээ улмаас сургууль дээрээ сөргөлдөөнтэй учирч буй өсвөр настанд, хичээл заалгүй олон хоног ажилласан номлогчдод хамаатай юм. Буцаж яван, ялтсуудыг авчрах зарлигийг ямар нэг байдлаар бид бүгдэд өгдөг юм.

Бид энэ зарлигийг Нифай шиг биелүүлж чадна. Их Эзэн зарлиг болгосон бүх зүйлийг бид зориг, шаргуу тэвчээр, итгэлээр биелүүлж чадна.

Эшлэл

  1. Ричард Г.Скотт, “Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, 1989 оны 11-р сар, 32.

Майкл Паркерын зураг чимэглэл