2010
Тэрээр Өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно
2010 оны дөрөвдүгээр сар


Бид Христийн тухай ярьж байна

Тэрээр Өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно

Гэргий Гизюл бид хоёр Фижийн Сувагийн Номлолыг тэргүүлж байгаад буцаж ирснээс хойш хэдхэн жилийн дараа эхнэрт минь ходоодны хавдартай гэсэн онош тавигдав. Энэхүү хүнд сорилтын улмаас гурван хүнд мэс засал хийлгэж, мэс заслаас үүдэлтэй хүндрэлүүд гарч, эцэстээ ходоодыг нь бүрмөсөн тайрч авахад хүргэсэн юм. Би эхнэрийнхээ үйлээ үзэн, зовон шаналж байгааг хараад Есүс Христийн Цагаатгалыг илүү сайн ойлгосон юм.

Гизюлд учирсан тэрхүү зовлон тарчлалд сэтгэл санаа минь бүрмөсөн уймарчихаад байсныг би санадаг. Хөөрхий тэр минь ингэтлээ зовж тарчлах юу хийчихсэн юм бол оо? Тэр минь Их Эзэнд итгэлтэйгээр үйлчилж байгаагүй гэж үү? Тэр минь Мэргэн Ухааны үгээр амьдраагүй гэж үү? Их Эзэн энэ өвчнөөс яагаад түүнийг минь хамгаалж чадаагүй юм бол? Яагаад?

Ялангуяа нэг шөнө зүрх сэтгэл, санаа бодол минь тэр чигээрээ залбиралд шатаж, урам хугаралт, сэтгэл санааны гутралаа Их Эзэнд бүгдийг нэгд нэгэнгүй дэлгэн тоочив. “Хайртай эхнэр минь ингэж зовон шаналж байгааг цааш харж тэвчихгүй нээ!” гэж би Түүнд хэллээ. Тэгээд судар үзье гэж бодов. Би Есүс Христийн тухай доорх тайтгаруулагч шүлгүүдийг Aлма 7:11-12-оос олсон юм:

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө”.

“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно”.

Тэр үеийг хүртэл би Аврагчийн Цагаатгалын бүх гайхамшгийг тал талаас нь хардаггүй байжээ. Есүс Христ Гизюлийн эсвэл миний өвчнийг Өөр дээрээ авч болно гэдгийг би үнэхээр ойлгоогүй байлаа. “Өөрийн хүмүүсийн шаналал, өвчнүүдийг” Өөр дээрээ авдаг Түүнд би гомдол, айдас түгшүүрээ шилжүүлж өглөө. Энэхүү шинэ ойлголтын ачаар хүнд ачаа хөнгөрөөд явчих шиг санагдав.

Өнөөдөр Гизюлийн бие маш сайн болж, хавдраар ерөөсөө өвчлөөгүй юм шиг л байна. Тогтмол үзлэг хийдэг эмч нь түүнд “гайхамшиг” тохиолоо хэмээн хэлснийг бодоод үз дээ. Эхнэрийн минь бие илааршсанд би туйлын баяртай байсан ч өөрөө зүрх сэтгэлийн эдгэрэлтийг биеэр үзэж туулсандаа ч баяртай байдаг. Зөвхөн Аврагчаас ирсэн тайтгарал л юм бүхэн сайн болно гэсэн баталгаатай амар амгаланг надад өгсөн юм.

Одоо зовлон бэрхшээл тохиолдсон үед дээрх хүчирхэг сургамж болон “Хүний Хүү тэд бүгдээс доогуурт бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?” хэмээн Бошиглогч Иосеф Смитэд хэлсэн Их Эзэний үг миний санаанд үргэлж орж ирдэг юм. (С ба Г 122:8). Есүс Христийн золиослолыг санах нь намайг үргэлж тайтгаруулдаг билээ.

Бидний Аврагч дааж давшгүй өвдөлт, тарчлалыг үүрэхэд бэлэн байсных нь төлөө би үүрдийн талархалтай явдаг. Түүний хайр, нигүүлсэл, хүүхдүүддээ тавьдаг гярхай анхаарал халамжийг би гэрчилж байна. Тэр бол бидний Аврагч. Би Түүнд хайртай.

Ай Эцэг минь, Симон Дьювей, хуулбарлаж болохгүй