2010
Бурханы аугаа ажил
2010 оны дөрөвдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Бурханы аугаа ажил

Зураг
President Dieter F. Uchtdorf

1830 оны дөрөвдүгээр сарын 6

Зуун наян жилийн тэртээ Иосеф Смит, Оливер Каудери хоёр цөөхөн хүний хамт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулахаар цугласан юм. Аль ч цэдэгт өгүүлснээр энэ нь энгийн атлаа сүнслэг цуглаан байжээ. Иосеф дараах үгсийг цэдэглэсэн байдаг. Ариун ёслолын дараа, “Ариун Сүнс бидэн дээр асар их хэмжээгээр юүлэгдэж, зарим хүмүүс бошиглож эхлэн, бид бүгдээрээ Их Эзэнийг магтаж, үлэмж баяр хөөрөөр дүүрэн байлаа.”1

Тэр өдрийн үйл явдлуудын тухай сонинд бичээгүй, дэлхийд зарлан мэдэгдээгүй юм. Гэвч, Есүс Христийн Сүм дэлхийд эргэж ирсэн тэр өдрийн төлөө тэнгэр хэчнээн баярлаж, Бурханыг хэчнээн ихээр алдаршуулсан бол оо!

Соломон Чамберлейн

Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл Тэнгэрлэг Эцэгийн, итгэлээр дүүрэн сая сая хөвгүүд, охид Ариун Сүнсний өдөөлтийг даган баптисмын ариун ус уруу орсон билээ. Тэдний нэг бол Соломон Чамберлейн байв.

Соломон бол сүнслэг хүн байсан бөгөөд залбирч, нүглийнхээ уучлалыг эрж хайн, өөрийгөө үнэн уруу удирдан хөтлөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйхад олон цагийг зориулдаг байлаа. Арванхоёр Төлөөлөгчийн байгууллага дэлхий дээр дахин бий болсны дараа Христийн Сүм байгуулагдах өдрийг үзэх хүртэл тэрээр амьд явах болно гэдгийг Соломонд 1816 оны орчим нэгэн үзэгдлээр амласан ажээ.

Соломон нэлээд олон жилийн дараа Канад уруу усан онгоцоор явж байтал онгоц нь Нью-Йоркийн Палмира хотод зогссон гэнэ. Хөлөг онгоцноос гарахыг ямар нэгэн хүч албадаад байхыг тэр мэдэрсэн аж. Тэрээр яагаад хөлөг онгоцноос гарснаа мэдээгүй ч, хотын хүмүүстэй ярилцаж эхэлжээ. Их ч удалгүй “алтан Библийн” тухай ярихыг сонсож гэнэ. Сайхь хоёр үг “миний толгойноос хөлийн хуруу уруу ортол цахилгаан цохих лугаа адил” сонсогдож билээ хэмээн тэрбээр хэлжээ.

Тэрээр асууж сурагласаар Смитийн гэрт очиж, сэргээгдсэн сайн мэдээний тухай гайхамшигтай мэдээг тэнд байсан хүмүүстэй ярилцсан гэнэ. Соломон тэнд хоёр өдрийг өнгөрүүлж, үнэний тухай гэрчлэлтэй болж аваад Канад уруу аянаа хөөхдөө, Мормоны Номын шинээр хэвлэсэн, үдээгүй 64 хуудсыг авч явжээ. Тэрээр явсан газар болгондоо, “дээд зиндааныхан ба эгэл борчууд, баян ба ядуу, … аль алиныг нь удахгүй тохиох гэж байгаа Бурханы аугаа ажилд бэлтгэхийн тулд” хүмүүст зааж байлаа.2

Бурханы аугаа ажил

1830 оны дөрөвдүгээр сарын тэрхүү өдрөөс хойш сая сая хүн сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг нээж, баптисмын усанд орсоор байна. “Бурханы энэхүү аугаа ажил” өнөөдөр дэлхий дээр хэрэгжиж байгааг би гэрчилж байна. Их Эзэн Сүмээ харж хандаж, Өөрийн бошиглогч, Ерөнхийлөгч Томас С.Монсонгоор дамжуулан удирддагийг би гэрчилж байна. Энэхүү хожмын өдрүүдэд амьдрах нь ер бусын адислал юм. Өнөө үе бол эртний бошиглогчдын угтан харсан, үй олон гярхай тэнгэр элч давхар нотолсон гайхамшигтай эрин үе мөн. Их Эзэн Өөрийнхөө Сүмийг мэддэг. Тэрээр бас, Соломон Чамберлейн шиг, Ариун Сүнсний өдөөлтийг дагаж, Бурханы аугаа ажлыг дэлхий даяар урагш ахиулахад ах, эгч нартайгаа нэгдэн нийлдэг хүмүүсийг мэддэг юм.

Эшлэл

  1. Иосеф Смит, History of the Church, 1:78.

  2. (Интернэтэд www.boap.org/ LDS/Early-Saints/SChamberlain. html); мөн William G. Hartley, “Every Member Was a Missionary,” Ensign, 1978 оны 9-р сар, 23-ыг үз. Сүм зохион байгуулагдсанаас хойш хэдхэн хоногийн дараа Иосеф Смит Нью-Йоркийн Сенека нуурын усанд Соломон Чамберлейнд баптисм хүртээжээ.

Иoсеф Смит: Сэргээлтийн бошиглогч сэдвээр Маттью Рейерийн авсан гэрэл зураг

Маттью Рейерийн гэрэл зураг; чимэглэлийг Марин Руз

Хүүхдүүдийн бүс