2010
Лацадсан булш
2010 оны дөрөвдүгээр сар


Биднийг дахин уулзтал

Лацадсан булш

Арилжааны нэгэн зар сурталчилгааны үгс чухамдаа инээд хүргэмээр байсан ч, мөнхийн баталгаатай нэгэн амлалтыг надад сануулсан юм.

Аавыг өөд болсны маргааш оршуулгын ажлыг зохион байгуулахын тулд би ээж, ах, эгч дүүсийнхээ хамт цогцос хадгалах газар уруу очих шаардлагатай болов. Бидний зорилго бол цогцостой авсаа байрлуулах газар доорх нүхэн бунхан сонгож авах явдал байлаа.

Эдгээр сонголтын талаар ярилцаж байтал, тодорхой нэг бунхныг рекламдсан арилжааны зар сурталгааг би олж үзлээ. Уг зар сурталчилгаанд бусад зүйлсийн хамт, бунхан нь автоматаар лацдагдах бөгөөд лац нь 75 жилийн баталгаатай гэсэн байх юм. За яахав, тийм л юм байх гэж бодож болох л доо. Гэвч баталгаа нь гайхмаар санагдав.

“75 жилийн дараа лацыг хэн шалгах юм бол?” гэж бодлоо. “Хэрэв хэн нэгэн нь ийн хийсэн атал лац нь онгойсон байвал өгсөн баталгааны төлөө хэн хариуцлага хүлээх юм бол? “Бунхан лацадсан хэвээр байх ямар боломж байдаг юм бол?” гэж би үнэхээр бодож билээ.

Бодол санаа төвлөрсөн тэрхүү агшинд оюун ухаан минь Maтай 27-д дүрсэлсэн өөр нэг бунхан дээр тогтлоо. Энэхүү бунхан буюу булш нь цаг хугацаа, газарзүйн хувьд биднээс алс хол оршдог. Аварга том хадаар тагласан энэ булшийг онгойлгочихсон байсан шүү дээ.

“Дараа өдөр нь бэлтгэлийн өдрийн дараах өдөр байсан бөгөөд ахлах тахилч нар болоод фарисайчууд Пилатынд цуглаж,

“Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа, Би гурав хоногийн дараа амилна гэж хэлж байсныг бид санаж байна.

“Тиймээс шавь нар нь ирж, Түүнийг хулгайлан аваад, ард олонд, Тэр үхэгсдээс амилав гэж хэлүүлэхгүйн тулд гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ.

“Пилат тэдэнд, Харуул аваад яв, хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ” гэв.

“Тэд очоод хадан дээр лац тавьж, харуул гарган, булшийг манацгаав” (Maтай 27:62-66).

Булшийг найдвартай хамгаалах талаар хаад, генералууд, жолоодогчдоос түүхийн туршид өгсөн бүх зарлиг дотроос хамгийн үр ашиггүй нь Пилатын эл зарлиг байсан бололтой.

Булш лацадсан хэвээр үлдэх ямар боломж байсан юм бол? Булшийг онгойлгох ямар ч арга байгаагүй болохоор уг зарлигийг биелүүлэх боломж цэргүүдэд үнэн хэрэгтээ байгаагүй аж. “Харагтун. Маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад, дээр нь суужээ” (Maтай 28:2).

Энэхүү булшны лац онгойсон учраас бүх лацдагдсан бунхан, онгон, булшнууд хэзээ нэгэн цагт нээгдэх болно. Энэ бол баталгаатай зүйл.

Бидний Авралын Хад бол биднийг үхэл там хоёроос чөлөөлөгч мөн. Тэр бол “амилалт ба амь мөн” (Иoхан 11:25). Түүний улмаас “там нь олзлогдсон сүнснүүдээ чөлөөлөх ёстой, мөн булш нь олзлогдсон биесээ чөлөөлөх ёстой, мөн хүмүүний бие хийгээд сүнснүүд нэг нэгэндээ дахин нэгдэх болно, мөн энэ нь Израилын Ариун Нэгэний амилуулалтын хүчээр байх буюу” (2 Нифай 9:12).

Цэцэрлэгт булш, Линда Көрли Крисченсен, © 2000 IRI