2010
Мама Тааминогоор адислагдсан нь
2010 оны дөрөвдүгээр сар


Мама Тааминогоор адислагдсан нь

Виктор Д.Кейв, Сүмийн сэтгүүлүүд

Би Тауматаги Тааминотай танилцах үедээ эх орондоо үйлчилж байсан залуу номлогч байлаа. Таамино эгч бол насны болон хүнд хүчир ажилд нухлагдсанаас яльгүй бөгтийсөн, настай, бэлэвсэн эмэгтэй байлаа. Гэвч тэрээр хамтрагч бид хоёртой мэндлэхээр гараа үргэлж сунган, Францын Полинезийн заншлаар бидний хоёр хацар дээр үнсдэг байлаа.

Таамино эгч бие султай, удаан, хянуур алхаатай боловч, хүн болгонд санаа тавьж явдаг хүн байлаа. Тэр ч байтугай, хамтрагч бид хоёр үргэлж, цэвэрхэн, индүүдсэн хувцастай явахад хүртэл анхаарна гээч. Хүүхдүүд түүн дээр шавж, цуглах дуртай байлаа. Учир нь Таамино эгч хүүхдүүдийг хараад баярлаж, тэдний юу хэлэхийг сонсох дуртай байлаа. Тэрээр элс, дал модод, гэр бүл, найз нараараа хүрээлүүлэн, хоёр өрөө байранд энгийн даруухан амьдардаг байв. Хүн бүхэн түүнийг хүндлэн, “Мама Таамино” гэж дуудна.

Онгоцоор таван цаг нисч хүрэх, хамгийн ойрхон ариун сүм-Шинэ Зеландын Хамилтон Ариун сүмд хувийнхаа хишгийг хүлээн авч, гэр бүлээрээ лацдан холбуулах 80 хүнтэй Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн бүлгийг бэлтгэхэд туслах даалгаврыг Тахитийн Папийти Номлолын ерөнхийлөгч, миний хамтрагч Ахлагч Тчан Фат бид хоёрт өглөө. Мама Таамино сүүлийн зургаан жилд жил бүр ариун сүмд явж байгаа бөгөөд энэ жил дахин явах гэнэ. Амьдралынх нь нөхцөл тийм даруухан байтал тэрээр ийм өндөр үнэтэй аяллыг яаж төлж чаддаг байна аа гэж би гайхлаа. Зургаан жилийн дараа би учрыг нь мэдэж билээ.

Би 1976 онд Тахитийн Папийти гадасны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гадасны цуглааны байруудад тогтмол зааварчилга өгдөг байлаа. Нэг өдөр үдийн үед би Типаеруй дахь ариун ёслолын цуглааны байрны дэргэд зогсов. Тэгээд харуулуудад цалинг нь өгтөл тэр үед 60 нэлээд гарч байсан Мама Таамино өнөр гэр бүлээ тэжээхэд туслахын тулд тэнд харуулаар ажилладгийг мэдэж билээ. Тэр надтай мэндлээд, ердийнхөөрөө Наашаа ирж, хоол ид” гэхэд нь би “Мама Таамино та залуу хүн биш, үдийн хоол тань ердөө жижиг зүсэм талх, жижигхэн лаазтай сардин загас, жижигхэн савтай шүүс байна шүү дээ. Үүнээс арай илүү идэх юм авахад цалин чинь хүрдэггүй юм уу?”

“Би ариун сүмд дахиж явахаар мөнгө хадгалж байгаа юм” гэж тэр хариуллаа. Түүний хайр, золиослолын үлгэр жишээг гайхан биширч, зүрх сэтгэл минь уярч билээ. Мама Таамино 1983 онд Тахитийн Папийти Ариун сүм онцгойлон адислагдахаас өмнө Шинэ Зеландын Ариун сүмд жил бүр, бараг 15 удаа оржээ. Ариун сүмийг онцгойлон адислахад ёстой л түүний нар нь гарчээ.

1995 онд энэ удаад номлолын ерөнхийлөгч байхдаа би Мама Тааминотай дахин тааралдав. Тэрээр төрсөн газраасаа холгүй орших Макемо шүрэн арал уруу шилжжээ. Одоо тэр 80 гарч, явж чадахгүй болсон ч, нүүрэн дээрх үрчлээ нь амар амгалан, тэвчээр, амьдралыг болон сайн мэдээг ойлгох гүнзгий ойлголтыг илтгэн харуулж байна. Тэрээр сайхан яралзтал инээмсэглэсэн, нүдэнд нь цэвэр хайр энэрэл тодорсон хэвээр байна.

Маргааш өглөө эрт тэрээр цуглааны байрны цэцгийн мандлуудын дотор суугаад, хог ургамлыг түүж, цэвэрлэж байхыг харав. Хөвгүүдийнх нь нэг нь түүнийг энд авч ирсэн аж. Тэр цэцгийн нэг мандлын нэг хэсгийг дуусгаад, дараагийн хэсэг уруу өөрөө гараараа тулан мацаж очдог ажээ. Ийм байдлаар тэр Их Эзэнд үйлчлэхээ үргэлжлүүлж байлаа.

Үдээс хойш би түүнтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлага хийхээр ариун ёслолын байрны ойролцоо нэг модны сүүдэрт сууж байтал Мама Тааминог тэнд авчирлаа. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахад шаардлагатай асуулт бүрд хариулах боломжтой байхыг тэр хүссэн аж.

“Ерөнхийлөгч өө, би цаашдаа ариун сүмд явж чадахгүй болжээ” гэв. “Нас дээр гарч, өвчин ороогоод байх болж. Гэвч үргэлж ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байхыг хүсч байна.”

Тэрээр ариун сүмд дахин явахыг хэчнээн их хүсч байсныг би хэлж чадна. Мөн тэрхүү хүслийг нь Бурхан хүлээн авна гэдгийг мэдэж байлаа. Түүнээс хойш удалгүй тэрээр хорвоог орхиж, Их Эзэний өргөөнд итгэлтэйгээр үйлчилж байсан хүмүүс дээрээ очсон юм. Тэрээр итгэл, гэрчлэл, нинжин сэтгэл, энэрэл, үйлчлэх хүслээс өөр юуг ч авч яваагүй юм.

Мама Таамино бол үлгэр дууриалтай ах, эгч нарыг, түүний дотор намайг адисалсан Полинезийн жинхэнэ анхдагч байлаа.

Таамино эгч бүр ная гарсан хойноо ч цуглааны байрны цэцгийн мандлуудыг цэвэрлэн, хог ургамлыг түүдэг байлаа. Ийм байдлаар тэр Их Эзэнд үйлчлэхээ үргэлжлүүлж байлаа.