Судрын түүхүүд
34-р бүлэг: Бурхан Сионы хүмүүст анхааруулсан нь: 1833 оны 7–8-р сар


34-р бүлэг

Бурхан Сионы хүмүүст анхааруулсан нь

1833 оны 7–8-р сар

Зураг
Гэгээнтнүүд Миссурид дэлгүүр барьж байгаа нь

Бурхан олон гэгээнтэнд Миссуригийн Жаксон гүнлэг рүү явах зарлиг буулгав. Шинэ хүмүүс бараг долоо хоног бүр тэнд ирж байсан бөгөөд гэр орон, дэлгүүр, хэвлэлийн газар барьж байлаа.

Зураг
Уурлаж өширхсөн хүмүүс

Миссуригийн гэгээнтнүүд хэсэг хугацаанд амар амгалан, аз жаргалтай байв. Гэсэн ч удалгүй асуудлууд ундран гарч ирлээ. Зарим гэгээнтэн дуулгаваргүй байж, эелдэг бус загнаж байв. Харин зарим нь удирдагчидтайгаа маргаж байлаа. Тэнд амьдардаг байсан хүмүүс олон гэгээнтэн ирж байгаад санаа зовж байв. Тэд гэгээнтнүүдийг явуулахыг хүсэв.

Зураг
Танхайрагчид гэгээнтнүүдийн эсрэг нэгдэж байгаа нь

Уурлаж бухимдсан бүлэг хүмүүс нэгдэн, Сүмийн удирдагчдад гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгээс явах хэрэгтэй гэж хэлүүлэхээр хэдэн хүнийг явуулав. Гэсэн ч удирдагчид Бурхан тэднээр Жаксон гүнлэгт Сионы хотыг бариулахыг хүсэж байгааг мэдэж байлаа. Тэд тэдэнд гэгээнтнүүд явж чадахгүй гэдгийг хэлэв.

Зураг
танхайрагчид хэвлэх үйлдвэрийг устгаж байгаа нь

Танхайрагчид маш их уурлаж, гэгээнтнүүдийн хэвлэлийн газрыг сүйтгэж устгав.

Зураг
Танхайрагчид давирхай, өд бэлдэж байгаа нь

Дараа нь тэдгээр танхайрагч бишоп Партриж, Чарльз Аллен нарыг барьж, тэдний арьсанд давирхай түрхэж, өд цацав. Тэд мөн бусад гэгээнтнийг зоджээ.

Зураг
Буутай бүлэг танхайрагчид

Гурван өдрийн дараа бүлэг танхайрагчид хотоор давхилдан, байшингууд руу буудаж эхлэв. Тэд гэгээнтнүүдийг харааж зүхэн, тааралдсан хүн бүрийг зодно гэж хашгирцгааж байв. Тэд ургац шатааж, гэр орон, саравч, дэлгүүрүүдийг сүйтгэв.

Зураг
Оливер Каудери Көртланд руу явж байгаа нь

Оливер Каудери Миссури дэх Сүмийн удирдагчдын нэг нь байлаа. Түүнийг Иосеф Смиттэй уулзуулахаар Көртланд руу илгээжээ.

Зураг
Иосеф Оливерийг угтан авч байгаа нь

Оливер Көртландад ирснийхээ дараа Иосефт Жаксон гүнлэгт тохиолдож байсан үйл явдлын талаар ярив. Тэнд байгаа гэгээнтнүүд юу хийх ёстойгоо мэдэхийг хүсэж байлаа.

Зураг
гэгээнтнүүд агуулахад хоол хүнс авчирч байгаа нь

Иосеф Оливерт хүлээн авсан зарим илчлэлтийнхээ тухай хэлэв. Гэгээнтнүүд Сионд ариун сүм барих ёстой бөгөөд ариун сүмийг хүмүүсийн аравны нэгээр барих ёстой гэж Их Эзэн илчилсэн. Хэрэв гэгээнтнүүд дуулгавартай байвал Сион агуу болох болно хэмээн Есүс Иосефт хэлжээ. Харин гэгээнтнүүд дуулгаваргүй байвал шийтгэгдэх болно.

Зураг
Хэсэг хүн санал өгч байгаа нь

Есүс гэгээнтнүүд гүнлэгийн хуулийг дагах ёстой мөн газар нутгийг удирдах зөв шударга хүмүүст саналаа өгөх ёстой гэж хэлэв. Ёс бус хүмүүс удирдагч болбол хүмүүс харамсдаг.

Зураг
Танхай бүлгийг явахыг хүлээж буй гэр бүл

Их Эзэн гэгээнтнүүдэд Өөрийнхөө бүх үгийг дагахыг зарлиглав. Тэрээр тэднийг дайснуудаасаа айх ёсгүй, харин дайснуудаа уучлах ёстой гэж хэлжээ. Их Эзэн мөн Бурхан зарлиглахаас нааш дайснуудтайгаа тэмцэлдэж болохгүй мөн Тэрээр ёс бус хүмүүсийг шийтгэх болно гэж хэлэв.

Зураг
Гэгээнтнүүд барилгын яс модыг босгож байгаа нь

Хэдэн долоо хоногийн дараа зарлигуудыг дуулгавартай дагаагүйгээс болж Сионы гэгээнтнүүд хэсэг хугацаанд асуудалд орно гэж Есүс хэлжээ. Гэсэн ч Есүс хэзээ нэгэн өдөр гэгээнтнүүдэд Сионыг байгуулахад нь тусална гэж амлав.