Судрын түүхүүд
57-р бүлэг: Бошиглогчийг хөнөөв: 1844 оны 6-р сар


57-р бүлэг

Бошиглогчийг хөнөөв

1844 оны 6-р сар

Зураг
шүүгч Иосефтой ярьж байгаа нь

Сүмийн дайснууд Наувуд үүссэн асуудлуудад Иосеф Смитийг буруутай гэж үзэв. Тэд түүнийг болон бусад удирдагчийг баривчлахыг хүсжээ. Гэсэн ч Иосефыг баривчилсны дараа шүүгч буруугүйг нь тогтоож, суллан явуулав.

Зураг
Иллиной мужийн захирагч цэргүүдэд хандан ярьж байгаа нь

Танхайрагчид Иосеф Смитийг сулласанд ууртай байлаа. Тэд Науву руу дайрч, бүр шүүгчдийн нэг рүү давирхай болон өд цацав. Иосеф Иллиной мужийн захирагчаас танхайрагчдыг зогсоохыг хүссэн боловч тэр танхайрагчдын худал үгсэд итгэж, тусалсангүй.

Зураг
Хайрум, Иосеф хоёр

Иосеф Смит дахиад шоронд хоригдож магадгүй гэдгээ мэдэж байсан бөгөөд Хайрум ахыгаа бас шоронд орох вий гэдгээс айж байв. Иосеф Хайрумд гэр бүлээ аваад өөр хот руу нүү гэж хэлсэн боловч Хайрум дүүгээ орхиж явсангүй.

Зураг
Иосеф, Хайрум хоёр

Иосеф Смит хэрэв тэр Хайрум ахынхаа хамт Наувуг орхиж явбал танхайрагчид гэгээнтнүүдэд хор хохирол учруулж чадахгүй гэж бодов. Тэд гол гаталж, нуугдахаар шийджээ. Тэд Сүмийн гишүүдэд амьдарч болох өөр газар хайхаар өрнөд рүү явав.

Зураг
Иосеф захиа уншиж байгаа нь

Зарим хүн Иосеф Смитийг айсан учраас зугтсан гэж бодож байлаа. Иосефын эхнэр Эмма Смит түүнийг хайлгахаар найзуудаа явуулж, түүнийг эргэж ирэхийг хүсэв. Иосеф хэрэв Науву руу эргэж очвол алагдана гэж бодсон ч найзуудынхаа хүслийг дагав.

Зураг
Иосефыг цэргүүд баривчлан явж байгаа нь

Иосеф, Хайрум хоёр Наувуд эргэж ирснийхээ маргааш нь хотын бусад удирдагчийн хамт 32.2 километрийн зайд орших Картейж хот руу явав. Картейж хотод тэд хилс хэргээр баривчлагдаж, Иосеф, Хайрум болон тэдний найзуудыг шүүх хурал болтол шоронд хорив.

Зураг
Иосеф найзуудтайгаа хамт Картейжийн шоронд байгаа нь

Иосеф, Хайрум болон тэдний найзууд гурван өдрийн туршид шоронд хоригдов. Тэр хугацаанд танхайрагчид тэдэнд заналхийлж, тэдний талаар муу муухай үгсийг хэлж байв. Иосеф болон түүний найзууд шоронд байхдаа залбирч Мормоны Номоос уншдаг байжээ. Жон Тэйлор Иосефын дуртай Есүсийн талаарх нэг дууг дуулж өгдөг байв.

Зураг
танхайрагчид шорон руу дайрч байгаа нь

1844 оны 6-р сарын 27-ны үд дундад Иосеф, Хайрум, Жон Тэйлор, Виллард Ричардс нар Картейжийн шоронд хоригдсон хэвээр байв. Таван цагийн үед 100 гаруй танхай хүн шорон руу дайрлаа. Зарим нь цонх руу буудаж, бусад нь харгалзагчдыг дайрч орон, Иосефын болон түүний найзуудын байсан өрөө рүү явав.

Зураг
нас барсан Хайрум шалан дээр хэвтэж байгаа нь

Ах нар хаалгыг хаахыг оролдсон боловч тэнд хэтэрхий олон хүн байсан тул өөрсдийгөө хамгаалах боломжгүй байв. Танхайрагчид хаалгыг түлхэж ороод, Хайрум Смитийг буудав. Иосеф Хайрумыг нас барсныг хараад, чангаар “Ай, хайрт ах Хайрум минь!” гэж дуу алдав. Танхайрагчид Жон Тэйлорыг буудаж, хүнд шархдуулсан ч аминд нь хүрсэнгүй. Харин тэд Виллард Ричардсыг буудсангүй.

Зураг
Иосеф цонхоор унаж байгаа нь

Хайрум, Жон Тэйлор хоёрыг буудуулсны дараа Иосеф Смит цонх руу гүйв. Түүнийг өрөөний хаалганы дэргэдээс хоёр буудаж, шоронгийн гаднаас нэг буудлаа. Тэр “Ай, Их Эзэн Бурхан минь!” гэж дуу алдан, цонхоор унажээ. Бошиглогч нас барав. Тэрээр амь насаа Есүс Христийн сайн мэдээний төлөө өгсөн.

Зураг
Гэгээнтнүүд Иосефын биеийг авч байгаа нь

Иосеф, Хайрум Смит хоёрын биеийг Науву руу явуулж, тэднийг тэнд оршуулав. Тэдний гэр бүл болон Сүмийн гишүүд маш их гуниглаж байлаа.

Зураг
Иосеф Смитийн хийсэн ажил

Бошиглогч Иосеф Смит маш олон чухал ажлыг гүйцэлдүүлсэн билээ. Тэрээр Мормоны Номыг орчуулж, Есүс түүгээр дамжуулан Өөрийн Сүмийг сэргээсэн юм. Иосеф Смит бусад газарт сайн мэдээг түгээхээр номлогчдыг илгээж, гэгээнтнүүдийг үзэсгэлэнт хот барихад удирдсан билээ. Бурхан Иосеф Смитийг хайрладаг байсан төдийгүй гэгээнтнүүд ч түүнд хайртай байв. Есүс Христээс гадна зөвхөн Иосеф Смит л бидний авралын төлөө ихийг хийсэн билээ.