Судрын түүхүүд
Оршил: Сургаал ба Гэрээнээс өмнө


Оршил

Сургаал ба Гэрээнээс өмнө

Зураг
Тэнгэрлэг Эцэг зааж байгаа нь

Бид дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдардаг байсан. Бидэнд одооных шиг мах, ясан бие байгаагүй бөгөөд бид сүнснүүд байсан. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд бие махбод хүлээн авч, Өөртэйгөө адилхан болгох төлөвлөгөө зохиосон. Энэхүү төлөвлөгөөг авралын төлөвлөгөө гэж нэрлэдэг бөгөөд үүний дагуу бид Түүнийг түр хугацаанд орхин явж, дэлхий рүү ирэх шаардлагатай байв. Хэрэв бид төлөвлөгөөг дагавал Түүн рүү буцаж очин дахин амьдрах болно.

Зураг
Есүс ба бусад сүнс

Есүс бидэнтэй хамт тэнгэрт амьдарч байсан. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахыг хүссэн. Тэрээр тэнгэрт эргэн очих боломжийг бидэнд олгохын тулд дэлхийд ирнэ гэдгээ хэлсэн.

Зураг
Тэнгэрлэг Эцэг ба Сатан

Сатан ч мөн бидэнтэй хамт тэнгэрт амьдардаг байсан. Тэр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахыг хүсээгүй учир Тэнгэрлэг Эцэг түүнийг хөөн явуулсан. Сатан авралын төлөвлөгөөг нураахыг хүсдэг.

Зураг
Эртний бошиглогч зааж байгаа нь

Есүс Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн амьдрах дэлхийг бүтээсэн бөгөөд хүмүүст хэрхэн сайн байхыг заахын тулд бошиглогчдыг илгээсэн.

Зураг
бошиглогчдыг элэглэн шоолж буй хүмүүс

Зарим хүн бошиглогчдыг дуулгавартай дагасан. Харин зарим нь Сатаныг дагаж, ёс бус болсон.

Зураг
Хуучин Гэрээний бошиглогч Есүсийн талаар үзэгдэл үзэж байгаа нь

Хуучин Гэрээ Есүсийг төрөхөөс өмнө амьдарч байсан хүмүүсийн талаар өгүүлдэг. Тэдэнд нүглээс ангижирч, үхлийг ялан дийлэх боломж олгохын тулд Есүс дэлхийд ирнэ гэдгийг бошиглогчид хүмүүст зааж байсан.

Зураг
Мормоны Номын бошиглогч Христийн талаар үзэгдэл үзэж байгаа нь

Мормоны Ном нь олон жилийн тэртээ амьдарч байсан өөр хүмүүсийн талаар өгүүлдэг. Тэд Иерусалимаас Америк руу ирсэн байв. Бошиглогчид тэдэнд ч мөн адил Есүсийн талаар заасан. Тэрээр амилсныхаа дараа тэдэн дээр зочилсон юм.

Зураг
Есүс хоёр эмэгтэйд зааж байгаа нь

Шинэ Гэрээ бол Есүсийн дэлхий дээрх амьдралын талаар өгүүлдэг. Энэ нь мөн Түүний төрөлт, сургаал, үхэл, амилалтын талаар өгүүлдэг. Есүс хүмүүст Өөрийн сайн мэдээг мөн Тэнгэрлэг Эцэгийнхээ зарлигуудыг дуулгавартай дагахыг заасан.

Зураг
Есүс төлөөлөгчдийг томилж байгаа нь

Тэрээр арван хоёр эрэгтэйг төлөөлөгчөөр сонгож, тэдэнд санваар хүртээв. Тэр Өөрийн Сүмийг үүсгэн байгуулсан бөгөөд маш олон хүн Есүсийг хайрлаж байсан. Тэд зөв шударга хүмүүс байсан бөгөөд Түүний сургаалыг дуулгавартай дагадаг байлаа.

Зураг
Загалмайд хадагдсан Есүс

Сатан хүмүүсийг Есүсийг бүү дагаасай гэж хүссэн. Тэр Есүсийг үзэн ядахад хүмүүсийг ятгаж, зарим нь Түүнийг загалмайд цовдолж, алсан.

Зураг
Есүс ба төлөөлөгчид

Есүс нас барснаасаа хойш гурван хоногийн дараа амилсан. Тэр амилсан байлаа! Тэрээр Төлөөлөгчидтэйгөө ярилцаж, хүмүүст сайн мэдээг заа гэж хэлсэн. Есүс мөн Америкт буй зөв шударга хүмүүс дээр зочилсон. Дараа нь Тэрээр Эцэгтэйгээ хамт байхаар тэнгэр рүү буцсан.

Зураг
Зааж буй төлөөлөгч

Төлөөлөгчид Есүс Христийн Сүмийн удирдагчид байв. Тэд маш олон газраар явж, хүмүүст Есүсийн талаар заасан. Маш олон хүн Түүнд итгэж, баптисм хүртэв. Төлөөлөгчид шударга эрчүүдэд санваар хүртээсэн ба тухайн үед Сүмийн маш олон гишүүн байжээ.

Зураг
ёс бусчууд бошиглогч руу чулуу шидэж байгаа нь

Сатан Сүмийг устгахыг хүссэн. Тэр Есүст итгэхгүй байхыг хүмүүст ятгаж, тэднийг уруу татсан. Төлөөлөгчид болон Сүмийн олон гишүүн алагдсан бөгөөд удалгүй Сүмийг удирдах удирдагч байхгүй болов. Тэнгэрлэг Эцэг дэлхийгээс санваарыг буцаан авсан.

Зураг
Нярай хүүхдэд баптисм хүртээж буй прист

Есүсийн үүсгэн байгуулсан Сүм оршин тогтнохоо болиход хүмүүс өөрсдийн сүмийг байгуулж эхлэв. Тэд Есүсийн сургаалын олон хэсгийг өөрчилж, бүр зарим зарлигийг хүртэл өөрчилсөн.

Зураг
Өөр өөр шашны гурван удирдагч

Олон зуун жил өнгөрч, дэлхий дээр олон сүм үүсгэн байгуулагдсан хэдий ч тэдгээрийн аль нь ч Есүс Христийн үнэн Сүм байсангүй. Тэдгээр сүмийн гишүүд Есүст итгэдэг байсан ч тэр сүмүүдэд жинхэнэ сайн мэдээ байгаагүй. Тэдэнд бас санваарын эрх мэдэл, бошиглогч, төлөөлөгчид байсангүй.

Зураг
баптисм хүртэж буй бяцхан хөвгүүн

Есүс дэлхий дээр дахин ирнэ гэдгээ хэлжээ. Гэвч эхлээд Түүний Сүм, мөн санваар сэргээгдэх ёстой байв. Эдгээр адислал нь бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм.

Зураг
Бошиглогч Иосеф бичиж байгаа нь

Тэнгэрлэг Эцэг бидний үед Сүмийг удирдах бошиглогч, төлөөлөгчдийг дахин дуудсан юм. Есүс бидэнд юу мэдээлж, юу хийлгэхийг хүсэж байгаагаа бошиглогч, төлөөлөгчдөд илчлэлтээр дамжуулан хэлдэг.

Зураг
ээж нь гэр бүлийнхэндээ судраас уншиж байгаа нь

Сургаал ба Гэрээ нь Есүсээс хүлээн авсан илчлэлтүүдийн ном юм. Тэдгээр илчлэлтийн ихэнх нь бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн байдаг. Тэдгээр илчлэлтэд Есүс Өөрийн Сүмд удирдамж өгч, сайн мэдээнийхээ сургаалыг заадаг.

Зураг
энэ номын хавтас

Таны уншиж байгаа ном Сургаал ба Гэрээн дэх зарим илчлэлтийн талаар өгүүлдэг. Энэ нь мөн сэргээлтийн талаарх зарим түүх, хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн эхэн үеийн зарим түүхийг тус тус харуулдаг.