2010
Дуудлагаараа адислагдсан минь
2010 оны долдугаар сар


Сүмд үйлчилсэн нь

Дуудлагаараа адислагдсан минь

“Их Эзэн таныг Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчлүүлэхээр дуудаж байна” гэж салбарын ерөнхийлөгч надад хэллээ. Энэ үед би Лорелын ангиас гараад дөнгөж нэг жил, баптисм хүртээд ердөө хоёрхон жил болж байсан юм. Үүнд би ихэд балмагдав.

Намайг түүнд, “надад хүүхдэд заах чадвар байхгүй шүү дээ” гэхэд,

“Дуудлага чинь Бурханаас ирдэг гэдэгт та итгэдэг үү?” гэж тэр асуув. “Тэр биднийг дуудлагад бэлтгэдэг юм шүү дээ.”1

Түүний үг намайг зоригжуулж, Их Эзэн намайг Хүүхдийн Хэсэгт дуудсаныг би тэр даруй мэдэв. Хэдийгээр би шинэ дуудлагаа яаж хийхээ огт мэдэхгүй байсан ч, Тэр намайг хөтлөн удирдана гэдгийг мэдэж байв.

Би дуудлагаа сайн хийхийг хүссэн ч, хэдэн сарын дараа ээж минь хорт хавдраар өвчилсөн нь оношлогдлоо. Үүний зэрэгцээ би системийн инженер мэргэжлээр сурч байсан юм. Гэрийн ажил, их сургууль, Хүүхдийн Хэсгийн үүрэг хариуцлагаа бүгдийг нь амжуулахад надад хэцүү байлаа. Миний сэтгэлийн тэнхээ буурсаар нэгэн ням гарагт бүх зүйл дааж давамгүй мэт санагдахад өөрийн эрхгүй уйлж билээ.

Энэ үед тойргийн маань нэг гишүүн надтай уулзаж, сайхан зөвлөгөө өгсөн юм: “Жюдит, сорилтуудыг давах хамгийн сайн арга бол өөрийгөө умартан сайн мэдээний дагуу бусдад үйлчлэх явдал, ингэснээр, Их Эзэн чиний ачааг хэрхэн хөнгөлөхийг чи харна” гэж тэр хэлэв.

Түүний зөвлөгөөг дагаж эхлэхэд, миний байдал өөрчлөгдөн, итгэл минь хүчирхэгжиж, Их Эзэнд үйлчлэх шийдвэр төгс байдлаар жигүүрлэв. Сорилтууд хэвээрээ байсан ч, би дуудлагадаа бие, сэтгэлээ дайчлан, ням гараг бүрд хүүхдүүдийг харахдаа баяртай байдаг боллоо. Тэд гэрчлэлээ үйлдлээрээ харуулснаараа долоо хоног бүр би тэднээс шинэ зүйл сурдаг байв. Хэдэн сар өнгөрсний дараа, Их Эзэн намайг өөрчлөн, надад байхгүй гэж боддог байсан авьяас билгийг илрүүлж буйг би ухаарч билээ.

Дараа жил нь ээж туяаны эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон тул би ээжтэйгээ Колумбын Баранкилагаас Богота уруу сарын хугацаатай явсан юм. Энэ үед би үргэлж залбирч, Их Эзэнтэй ойр байгаагаа мэдэрч байлаа. Их сургуульд сурч байсан мэргэжлээ солихоор шийдэв. Их Эзэн намайг амьдралаа хүүхдүүдэд заахад зориулахыг хүсч буйг би сүнсний удирдамжаар мэдсэн юм. Сургуульдаа эргэн очоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролоор зэрэг хамгаалахаар ажиллаж эхлэв.

Их Эзэн намайг бэлтгэхийн тулд Хүүхдийн Хэсэгт дуудлага өгснийг би мэдэж байлаа. Үйлчлэх явцад би жинхэнэ мэргэжлээ олж авснаа мэдсэн. Бас сайн мэдээгээр амьдарч өөрийгөө үйлчлэлд зориулснаар Их Эзэний мутарт байгаагаа мэдэрсэн.

Хүүхдийн Xэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд, хожим нь гадасны Хүүхдийн Xэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх үедээ олсон гэрчлэл минь Сүмийн сайн гишүүн байхад надад тусалсан билээ. Би хайраар заахыг, хүүхдийн нүдээр орчныг харахыг, Их Эзэнээс удирдамж, сүнсний нөлөөг хэрхэн эрэлхийлэхийг сурсан билээ.

Амьдардаг хотынхоо гадаад хэлний сургуульд багшилсан тэр жилүүдэд гаргасан хүч чармайлт,тулгарсан олон сорилт бэрхшээл, хүлээн авсан адислалуудыг би санадаг. Тэр үед Хүүхдийн Xэсэгт байсан хүүхдүүд одоо өсвөр насныхан болсон ч, тэдний мэлмийд Аврагч болон Түүний сайн мэдээг хайрлах хайр гэрэлтсээр байдаг юм.

Их Эзэн биднийг дуудсан бол Тэр биднийг сурган бэлтгэж, Есүс Христийн гайхамшигт сайн мэдээний дагуу амьдрахад туслах удирдагчдыг бидэнд бэлтгэдэг гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Томас С.Монсон, “Duty Calls,” Ensign, 1996 оны 5 сар, 44-ийг үз.

Баруун талд: зураг чимэглэлийг Даниел Люис