2010
Мөнхийн гэр бүл
2010 оны долдугаар сар


Мөнхийн гэр бүл

Янсигийн гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдал нь тэднийг ариун сүм уруу хөтөлсөн юм.

Намайг анх Янси Кивалутай танилцахад тэрээр нүүр дүүрэн инээмсэглэж байлаа. Гэвч түүнийг сандал дээр суух үед, дууных нь өнгө аяс их л чухал юм ярих нь дээ гэсэн бодол төрүүлэхэд, 16 настай энэ охин надтай юуны талаар ярилцах гэж байгаа юм бол гэж бодож билээ. “Миний ярих түүх бол ариун сүмийн тухай юм” гэж тэр яриагаа эхлэв.

Янси бол Тонга арлын улсын хүн. Энэ арал дээр дүүрэн өндөр сүрлэг дал мод, гадил жимсний мод, таро гэдэг том далбагар ургамал ургадаг ажээ. Миний харсан тэр арлын ихэнх залуучууд амьдралдаа сэтгэл хангалуун, яг л Янси шиг яралзтал инээмсэглэсэн хүмүүс байлаа. Түүний насны залуус бүжиглэх, дуулах, нэтбол тоглох, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай гэнэ. Ер нь тэд аз жаргалаар дүүрэн хүмүүс юм. Гэвч Янсигийн энэхүү гаднах нухацтай төрх байдал миний тааварлаж үл чадах дотоод сэтгэл хөдлөлтэй нь нийлсэн нь намайг гайхашруулсан юм.

“Би ариун сүмийн талаар ярих гэсэн юм” гэж тэр дахин хэллээ.

“Би бага байхдаа ах нар, нэг эгчийнхээ хамт Сүмийн гишүүн байсан Бид ээжтэйгээ хамт ням гараг болгон сүмдээ явдаг байсан. Би ариун сүм явах дуртай тиймээс ч залуучуудтай хамт нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхээр явах дуртай байлаа. Би тэнд очих бүрдээ Ариун Сүнсийг мэдэрдэг байсан. Харин аав минь сүмд явдаггүй байлаа”.

Янсигийн хоолой чичирч эхлэв. Би дэвтрээсээ хараа салган дээшээ хартал түүний нүдэнд нулимс цийлэгнэж байв.

“Нэг өдөр миний дүү Алекисио ташаандаа бэртэл авснаас идээлсэн байлаа” гэж тэр цааш нь ярилаа. “Дүүгийн минь бие түр зуур сайжрав. Ашгүй аав ч сүмдээ эргэж ирлээ. Гэвч удалгүй аав сүмээ дахин орхих нь тэр”.

Янсигийн нулимс хацраа даган урсаж эхлэхэд би цаасан алчуур гаргаж өгөв. Гэвч нулимсаа хэчнээн ч арчаад нэмэр болсонгүй, зөвхөн цаасан алчуур төдийгүй ханцуй нь хүртэл тэр дороо нэвт норлоо.

“Дүүгийн минь бие улам муудсаар хорвоог орхин одсон доо, хөөрхий минь. Тэр дөнгөж 12-той байлаа”.

Сэтгэл санаа нь уймарснаас хэдэн хором дуугүй болоход нь, би түүнийг яагаад тийм их нухацтай байсныг ойлгосон юм. Энэ залуу эмэгтэйн амьдралд гүн эмгэнэлт явдал тохиолдсон ажээ. Гэсэн ч түүний нүдэнд итгэлийн оч гялалзаж байлаа.

“Тэгээд манай аав сүмдээ дахин явахаар шийдсэн юм” гэж тэр хэллээ. Эхлээд аавд хэцүү байсан. Бид дүүтэйгээ дахин учран золгож болох цорын ганц арга бол ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбуулах явдал гэж бишоп, сүмийн удирдагчид, садан хамаатнууд аавд итгүүлж чадсан юм.

“Дүүг нас барсны дараа бидний амьдрал хэцүүхэн л байлаа”. “Гэхдээ аав ээж хоёр маань шаргуу хөдөлмөрлөж, авралын ёслолуудаа хүртсэн. Дүү маань нас барснаас хойш яг нэг жилийн дараа манайхан 2008 оны 10-р сарын 10-нд ариун сүмд лацдан холболт хийлгэсэн. Дүүг минь төлөөлөх ёслолыг манай бишоп хийлгэсэн. Би ийм сайхан мэдрэмжийг урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй” гэж Янси цааш нь ярив.

Янсигийн нулимс гунигийн биш харин баярын нулимс байлаа. Тэр гэрийнхэнтэйгээ хамт Их Эзэний өргөөнд орж, лацдан холболт хийлгэжээ. Үүнийхээ утга учрыг ч тэр сайн мэдэж байлаа. Гэрийнхэн нь гэрээнийхээ дагуу амьдрах юм бол тэд үүрд хамтдаа байх болно.

Би Янсигийн талаар бодохдоо түүнийг Тонгагийн ариун сүмийн хажууд байрладаг Сүмийн эзэмшлийн ахлах сургуулийн Лиахона хотхон дундуур алхаж байгаагаар төсөөлдөг. Тэр алхаж явахдаа наранд гялалзан харагдах тэнгэр элч Моронайн алтадмал хөшөөний зүг дээш харна. Нүдэнд нь нулимс мэлтэлзэх боловч тэрээр инээмсэглэн зогсоно. Яагаад гэвэл тэр Алекисиотой дахин уулзана гэдгээ мэддэг.

Гэр бүлийн зургуудыг Жошуа Ж.Пөрки; Нукуалофа Тонгагийн Ариун сүмийн зургийг Велден С. Андерсен