2010
Анхдагчийн нарны халхавч
2010 оны долдугаар сар


Анхдагчийн нарны халхавч

“Энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу” (Moронай 7:47).

Сара! Сара, сэрээрэй!” гэж таван настай Кристиана Ларсен бяцхан дүүдээ хэлэв. “Явах цаг боллоо”.

Гурван настай Сара нүдээ нээх гэж оролдоно.

“Гадаа харанхуй л байна ш дээ” гэж Сара нойрмоглон гомдоллов.

Мэдэж л байна шүү дээ. Ээж эрт босох хэрэгтэй гэсэн биз дээ. Усан онгоц удахгүй Америк уруу хөдөлнө”.

Ларсенгийнхан Данид байхдаа гэр бүлээрээ Сүмд нэгдсэн ажээ. Тэд Солт Лейкийн хөндийд Гэгээнтнүүдтэй нэгдэхийн тулд алс холын урт аянд гарах гэж байлаа.

Кристиана Сараг хувцаслахад нь туслав. Тэгээд хоёр бяцхан охин нүдэндээ нулимс цийлэгнүүлэн унтлагын тохилог өрөөгөө сүүлчийн удаа эргүүлж тойруулан харлаа. Орон дээр дахиад унтах хүртэл удаан хугацаа өнгөрнө гэдгийг тэд мэдэж байлаа.

Нарны халхавчаа мартаж болохгүй шүү, Сара” гэж Кристиана хэлээд хээтэй торгон нарны халхавчаа авлаа. “Ээж нарны халхавчаа ор дэрний хэрэгсэлтэй хамт баглана гэсэн”.

Аав, ээж хоёр нь Америк уруу хийх аянд зайлшгүй хэрэгтэй юмсаас өөр юу ч авч явах боломжгүй гэсэн ажээ. Ор дэрний хэрэгсэл, хувцас, багаж хэрэгслээ боож баглаад өөр зүйлс багтаах зай бараг гарсангүй. Гэвч Кристиана, Сара хоёр дуртай ганцхан зүйлээ шинэ гэр уруугаа авч явахыг гуйжээ. Тэд хүүхэлдэй, ном, тоглоомуудаа орхиж байгаа аж. Хоёр охин хоёулаа нарны гоё халхавчаа л авчээ.

Нар мандахад Кристиана гэрийнхэнтэй Америк уруу хөдлөх усан онгоцонд суусан байлаа. Тэд найз нөхөд, гэр бүл, гэр орноо орхисон ч Сионд очно гэхээс баярлаж байжээ.

Далайгаар хийсэн аян урт удаан, зүдэргээтэй байлаа. Усан онгоцон дээр халуун өдөр хоёр охин толгойгоо нарнаас хамгаалахын тулд нарны халхавчаа ашигладаг байв. Салхины чиглэл таарах юм бол усан онгоц саадгүй хурдан хөвнө. Харин салхи чиглэлээ өөрчилбөл усан онгоц гэдрэг туугдаж, заримдаа туулсан газраасаа ухарна.

Ларсенгийнхан Америкийн эрэгт буугаад Солт Лейкийн хөндий хүрэхийн тулд сүйх тэрэг, хоёр шар худалдаж авчээ. Сүйх тэргээр явах нь донсолгоотой бас халуун байсан учир Кристиана, Сара хоёр ихэнхдээ явган явдаг байлаа.

Бусад олон анхдагч гэр бүлүүдийн нэгэн адил Кристианагийн гэр бүл аян замдаа олон бэрхшээл, эмгэнэлт явдалтай тулгарсан аж. Кристианагийн эрэгтэй дүү аяны үед төрж, эндсэнийг хээр талд оршуулжээ.

1857 онд Ларсеныхан Солт Лейкийн хөндийд хүрч ирсний дараа Кристиана үетэнгийн бусад хүүхдүүдтэй хамт Сүмд явах дуртай болсон гэнэ. Кристиана, Сара хоёр цөлийн халуун нарнаас нүүрээ хамгаалахын тулд ням гараг бүр нарны халхавчаа сүм уруу баяртай авч явдаг байлаа.

Цаг хугацаа өдөр, долоо хоногоор улиран өнгөрсөөр тэдний мөнгө, хоол хүнс дуусч эхлэв. Нэг үдэш аав, ээж хоёр нь энэ асуудлыг ярилцаж байхыг Кристиана сонсчээ. Арвин баялаг үр тариагаар адислагдсан нэг бүлийг мэднэ гэж аав нь хэлсэн гэнэ. Ларсенгийнхан гурил худалдаж авахын тулд зарим эд юмсаа зарж болох байв. Гэвч юугаа зарах билээ?

Кристиана ярианд оролцов. “Аав аа, Сара бид хоёрын нарны халхавчийг зарж болно шүү дээ”.

“Кристиана, чи нарны халхавчиндаа хайртай шүү дээ. Би түүнийг чинь зарж чадахгүй ээ!”

“Зүгээр дээ, Аав аа” гэж Кристиана хэлэв. “Бидэнд нарны халхавчаас хоол хүнс илүү хэрэгтэй байна шүү дээ”.

Маргааш нь Кристианагийн аав нөгөөх хээтэй торгон гоё нарны халхавчуудыг гурилаар сольжээ. Тэр гурил гэр бүлийн хүнсийг хангасан аж.

Тэр шөнө Кристиана унтахдаа хайртай нарны халхавч нь байдаг булан уруу гунигтайхан харсан гэнэ. Гэвч оройнхоо хоолонд идсэн гайхалтай сайхан талхаа санаад гуниг нь талархал болж хувирсан гэдэг. Кристиана тэр шөнө залбирахдаа гэр бүлийг нь тэжээхэд тусалсан нарны гоё халхавчийнхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлсэн аж.

Зураг чимэглэлийг Брайн Кол