2010
Катийг аваръя үдэш
2010 оны долдугаар сар


Залуучуудад зориулав

Катийг аваръя

1976 оны 1-р сард нийгмийн үйлчлэлийн салбарт ажиллаж байсан нэг найз маань надтай утсаар ярилаа. Тэрээр өнчин хүүхэд авч өсгөх үү гэж эхнэр бид хоёроос асуув. Тэр үед бид бага насны хоёр хүүхэдтэй байсан ч 17 настай Катийг ам бүлдээ хүлээж авахыг зөвшөөрсөн юм.

Кати манайд ирснээсээ хойш удалгүй бидэнтэй хамт сүмд явж болох уу гэж хүсэв. Мэдээж хэрэг бид бололгүй яахав гэж хэлсэн. Тэгээд Кати удалгүй сүмд тогтмол явдаг болов. Өмнө нь Катигийн явдаг байсан сүмийн найз нар нь түүнийг ирэхгүй байгааг мэдсэн аж. Түүнийг ХҮГ Сүмд явдаг болсныг мэдээд харамссан гэнэ.

Кати нэг өдөр хичээлийн дараа, түүний өмнө нь явдаг байсан сүм “Катийг аваръя” гэсэн үдшийн үйл ажиллагааг залуучуудын үйлчлэлийн цуглаанаараа зохион байгуулах гэж байгааг бидэнд хэллээ. Кати намайг хамт тэр цуглаанд очиж Сүмээ хамгаалахад туслаач гэж хүслээ. Би түүний найз нартай сургаалын ялгааны талаар маргахыг хүсээгүй ч, Кати Сүмийн тухай мөн түүнийг хамгаалахаар хангалттай мэдэж амжаагүй байгааг мэдэж байсан болохоор дурамжхан зөвшөөрлөө. Би номлолоосоо дөнгөж саяхан буцаж ирсэн Ричард Жөүнсийг дагуулж явахаар шийдэв.

“Катийг аваръя” үдэш болсон тэр өдөр бол бид бүгдийн хувьд мацаг, залбирлын өдөр байв. Тэр цуглаан дээр зөрчил сөргөлдөөн биш Сүнс байхын төлөө би залбирлаа.

Бид тэр орой тэдний сүм дээр очоод ямар нэг байдлаар дайсагналыг мэдэрсэн ч залуучуудын үйлчлэгч нь биднийг элгэмсгээр угтаж, Сүмийнхээ тухай итгэл бишрэлийнхээ тухай залуучуудад ярьж өгөхийг хүслээ. Ричард номлогчийн анхны ярилцлага болон Сэргээлтийн тухай хуваалцахад өрөөнд байсан 15 орчим залуу анхааралтай сонсов. Залуучуудын үйлчлэгч хүртэл их анхааралтай сонсож байв.

Бид тэгээд үдшийн үлдсэн хэсэгт тэдний асуултуудад хариулж, сайн мэдээний тухай гайхалтай сайхан ярилцлаа. Биднийг итгэлийнхээ талаар тайван тайлбарлахад эхлээд мэдрэгдсэн дайсагнал тэр дороо алга болов. Хоёр тал хоёул бие биедээ хүндэтгэлтэй хандсан юм. Бидний гэрчлэлээ хуваалцаж, асуултанд хариулж байхад Ариун Сүнс өрөөг дүүргэсэн байлаа.

Ярилцлагын төгсгөлд үйлчлэгч биднийг ирсэнд талархал илэрхийлэв. Тэгээд биднийг явах гэтэл нэг залуу эмэгтэй босч, бидэнд хэлэх нэг зүйл байна гэв. Мормончууд бол Христийн шүтлэгтнүүд биш гэж тэр эмэгтэй биднийг ирэхээс өмнө боддог байсан гэнэ. Харин одоо бол биднийг түүнээс илүү дээр Христийн шүтлэгтнүүд юм байна гэдэгт итгэлээ гэв.

Бидний ярилцлага ийм аятайхан төгсөх юм гэж бид огт бодоогүй шүү. Хэрэв бид мацаг барьж, залбиран, тэр уулзалт дээр Ариун Сүнс байхыг гуйгаагүй бол, зөрчил сөргөлдөөнийг бүү байлгаач хэмээн Их Эзэнээс гуйгаагүй бол бидний уулзалт хэзээ ч тийм аятай сайхан болохгүй байсан биз ээ. Зөвхөн Ариун Сүнс байгаа үед л бид сайн мэдээний захиасыг үр өгөөжтэйгөөр хуваалцаж чадна.