2010
Итгэлт найзууд
2010 оны долдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Итгэлт найзууд

Зураг
President Henry B. Eyring

Аврагчийн бидэнд хандсан нэг агуу хүндэтгэл бол биднийг өөрийн “найзууд” хэмээн нэрлэсэн явдал юм. Тэр биднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг хайрладаг төгс хайраар хайрладаг гэдгийг бид мэднэ. Гэвч энэхүү нэрийг Тэрээр Өөрт нь үйлчлэх үйлчлэлд итгэлтэй байсан хүмүүст л өгдөг. Сургаал ба Гэрээний 84-р хэсэгт гардаг үгсийг санацгаая: “Мөн дахин би та нарт хэлж байна, найз нар минь, учир нь энэ цагаас хойш та нарыг бибээр найз нараа хэмээн дуудна, бибээр тэдэнтэй хамт байж тэр өдрүүдэд сайн мэдээг сүр хүчиндээ номлохоор аялж байсан миний найз нарын адил бол та нар, хэмээх энэхүү зарлигийг бибээр та нарт өгөх нь зүйтэй байна” (С ба Г 84:77).

Бид Аврагчийн төлөө бусдад үйлчилснээрээ Түүний найз нар болдог. Тэр бол бидний ямархуу найз болох ёстой төгс үлгэр жишээ юм. Тэр Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйлс нь юу болохыг мэддэг. Хүүхдүүдийнх нь аз жаргал бол бас Түүний аз жаргал юм. Тэр тэдний зовлонг Өөрийнх лугаа адил мэдэрдэг. Учир нь Тэр тэдний гэм нүглийн золиосыг төлж, сул дорой байдлыг нь Өөртөө авч, зовлон шаналал,хүсэл тэмүүллийг нь мэдэрсэн юм. Түүний зорилго тэмүүлэл цэвэр ариун юм. Тэр Өөртөө нэр хүндийг эрэлхийлдэггүй, Харин Тэнгэрлэг Эцэгтээ бүх алдар сууг өгдөг. Төгс найз, Есүс Христ, бусдад аз жаргал өгөхийн төлөө Өөрийгөө бүрэн зориулдаг.

Баптисмын гэрээнд орсон хүн бүр Түүний жишээг даган бусдын ачааг Түүн шиг үүрэлцэнэ гэсэн амлалтыг өгдөг билээ.

Ирэх хэдэн өдрийн дотор Түүний найз болох олон боломж та нарт олдох болно. Энэ нь та нарыг тоост замаар явж байхад, метронд явж байхад, эсвэл сүмийн танхимд суудал хайгаад явж байхад тохиож болох юм. Хэрвээ та сайтар харвал, хүнд ачаа үүрч яваа нэгнийг анзаарах болно. Энэхүү ачаа нь ганцаардал, бусдын доог тохуурхлаас үүдэлтэй сэтгэл санааны зовиур байж болно. Үүнийг харах чадвар нь Сүнсээр удирдуулан бусдын зүрх сэтгэлийг ойлгоход туслахыг залбиран гуйж, цуцсан гарыг тэнхрүүлэхийг амласнаар ирдэг юм.

Таны залбирлын хариу нь олон жил уулзаагүй найз чинь санаанд чинь орж, түүний хэрэгцээ таны бодол санаа, зүрх сэтгэлд яг л өөрийнх чинь юм шиг санагдан ирж болно. Ийм явдал надад тохиосон юм. Олон жил уулзаагүй, хол амьдардаг нөхөд минь надад урам зориг хайрлахаар хандсан юм. Миний ачаа дарамтыг тэдэнд Бурханаас өөр хэлэх хүн байгаагүй билээ.

Бурханы амьд бошиглогчид биднээс Сүмд шинээр нэгдсэн хүмүүст итгэлт найзууд болж, замаасаа хазайн одсон хүмүүсийг буцаан авчрахыг хүссэн билээ. Хэрвээ бид Аврагчийг үргэлж санан дурсдаг бол үүнийг хийж чадна, хийх ч болно. Бид хэн нэгэнд туслан дэмжиж, ачаа дарамтыг нь үүрэлцсэн үед Аврагч бидэнтэй хамт байдаг. Тусламж хэрэгтэй хүмүүс уруу Тэр биднийг хөтлөх болно. Тэдний бодол санааг мэдрэх мэдрэмжээр Тэр биднийг адисална. Бид тэдэнд үйлчлэхдээ шаргуу байвал тэднийг хайрлах Түүний хайрыг мэдрэх бэлэг бидэнд улам ихээр өгөгдөх болно. Ингэснээр бид итгэлээр гараа сунган бусдад дахин дахин туслах хүч, зоригтой болно.

Бид үүнчлэн мөнх амьдралд Түүний итгэлт найзуудтай нэгдэн орох урилгыг хүлээн авахдаа үнэхээр баяртай байх болно. Энэхүү адислалыг бид бүгдэд бас бидний үйлчлэх хүмүүст хүртээх болтугай хэмээн залбиръя.

Төгс найз болох Есүс Христ нь бусдад аз жаргалыг өгөхдөө өөрийгөө бүрэн зориулдаг. Бид Аврагчийн төлөө бусдад үйлчилснээрээ Түүний найз нар болдог.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук; Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун, Харри Андерсон