2010
Эрхэм хүндэт Фриеда
2010 оны долдугаар сар


Эрхэм хүндэт Фриеда

Найз залуутайгаа нэг гэрт орох талаар эргэлзэж байгаа залуу эмэгтэйд залуу насанд хүрэгчид зөвлөгөө өгсөн захидал бичжээ.

Үнэт зүйлс өөрчлөгдөж байдаг энэ дэлхийд бид жишгүүддээ үнэнч байх нь сүнслэг байдлаа хадгалж үлдэхэд шийдвэрлэгч ач холбогдолтой юм. Гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандахад өөрсдийгөө чин сэтгэлээсээ дайчлах нь уруу таталтын эсрэг биднийг хүчирхэгжүүлж чадна.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл (1926-2004) гэрээнүүддээ үнэнч байхад бидэнд тусалж чадах нэг шийдвэрийн тухай өгүүлэхдээ: “Хэнд үйлчлэхээ ирэх жил сонго гэж Иошуа та нарт хэлээгүй, харин ‘өнөөдөр,’ харанхуй бүрэнхий болж, гэгээ тасрахаас өмнө сонгох хэрэгтэй гэж хэлсэн билээ (Иoшуа 24:15-ыг үз.) … Одоо л хийх цаг, учир нь та нар мянган жилийн дараа энэхүү мөчийг эргэн хараад энэ л мөч хамгийн чухал нь байсан, энэ л өдөр бүхнийг шийдсэн хэмээн хэлэх болно” гэсэн билээ.1

Европын нэгэн Сүмийн гишүүн залуу насанд хүрсэн эмэгтэй Фриеда шийдвэр гаргах мөчтэй тулгарсан аж. Тэрээр нэгэн өдөр ариун сүмд гэрлэхийг хүсдэг ч, гишүүн бус найз залуутайгаа нэг гэрт амьдрах тухай бодож байгаагаа ярьжээ. Тэрээр хэдэн жилийн дараа наманчилж, Сүмд эргэн ирж идэвхтэй болоод өөр хүнтэй гэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Харин одоо бол зүгээр л цагийг сайхан өнгөрөөхийг хүсч байгаа аж.

Фриедад захиа бичихийг Скандинав дахь залуу насанд хүрэгчдээс хүссэн гэнэ. Тэд түүний жинхэнэ нэрийг бас хаана амьдардгийг нь мэдэхгүй ч зөв сонголт хийхэд нь туслахын тулд гэрчлэл, амьдралын туршлагаа хуваалцжээ. Фриедагийн үе чацуутнууд захидал бичсэн бөгөөд хуваалцахыг зөвшөөрсөн зарим захидлын хэсгүүдээс доор нийтлэв.

Ариун сүмд гэрлэхээр шийд

Миний найз Эрика Сүмийн гишүүн биш найз залуутайгаа нэг гэрт орохоос өмнө сайн мэдээнд ойр байх болно хэмээн гэр бүлдээ амласан юм. Гэвч Эрика эвгүй байдалд орж, үүнээс гарахад бүр хэцүү болсон. Эргээд зөв замд орно гэдэг хэтэрхий хэцүү, сэтгэл эмзэглүүлэм зүйл болохыг тэрээр мэджээ.

Харамсалтай нь, Сүмийн жишгүүдийг баримтлахгүй ч, өөртөө хяналт тавьж чадна гэж боддогийн улмаас уналтанд орсон Эрика шиг найз надад олон бий. Хэрэг дээрээ, удирдамжуудыг үл тоомсорлосноор Сатаны урхинд хялбархан ордог.

Үүнийг би найз нарынхаа туршлагаас мэднэ. Би 17-тойдоо сүнслэг байдлын хувьд хөл дээрээ бат зогсохыг хүсвэл бат бөх гэрчлэлтэй байх шаардлагатай ойлгож гэрчлэлтэй болохоор шийдсэн юм. Бат бөх гэрчлэлтэй болж, надад зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт бий гэдгийг мэдсэн нь намайг аварсан юм.

Миний хатуу шийдсэн нэг зүйл бол ариун сүмд гэрлэх явдал мөн. Ариун сүм бол жинхэнэ аз жаргалд хүргэх, бид нэгэн цагт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдарч чадах цорын ганц зам мөн. Хэрэв би ариун сүмд явахыг хүсвэл сайн мэдээний удирдамжуудыг баримтлах хэрэгтэй. Сайн мэдээгээр амьдрах нь зөв гэдгийг би мэддэг учраас, хэцүү ч үүгээр амьдрахаар шийдсэн юм.

Та ямар замаар явж байгаагаа, өнөөдөр гаргасан шийдвэр тань маргааш таныг хааш нь аваачих вэ гэдгийг эргэцүүлэн бодоход цаг гарга.

Аманда Бернсков, Дани

Үнэхээр хэрэгтэй юмаа хайж ол

Энэ дэлхийд бидний хамгийн их хүсдэг зүйл бол бусдаар хайрлуулах юм. Гэвч жинхэнэ хайр бол сонирхол татахаас илүү агуу зүйл. Энэ бол нөгөө хүндээ итгэл хүлээлгэж, хамгийн сайн сайхныг хүсэх явдал мөн. Энэ бол амин хувиа үл хичээсэн, элэгсэг дотно харилцаа, зарим үед золиослол хийх явдал. Энэ бол хэрэв шаардлага гарвал бид бусдад өгөх өгөөмөр хүсэлтэй байх явдал мөн.

Фриеда, ойрын хугацаанд өөрийн чинь гаргах шийдвэрээс амьдрал тань болон бусад олон хүний амьдрал шалтгаална. Хэрэв чи одоо хэний талд байхаа шийдээгүй бол зөвийг сонгох нь хэцүү байх болно. Сатан гэр бүлүүдийг бусниулахын тулд махруу ажиллаж байгааг санагтун. Зөв гэсэн зүйлээ хийх зоригтой бай. Ариун сүмийн мөнхийн гэрлэлтэд үл нийцэх юмсыг бүү хий.

Хэрэв чи жинхэнэ хайрыг хүсч байгаа бол жинхэнэ ёсоор хайрлагч Бурханыг эрж хай. Жинхэнэ хайр бол бэлгийн харилцааны адал явдал биш, сүнсний цэвэр ариун байдал мөн. Энэ нь зөвхөн Бурханаас ирдэг бөгөөд бүхнээс хамгийн агуу энэхүү бэлгийг чи авч чадна.

Давид Исаксен, Норвеги

Эргэж ирэхээр шийд

Би 17-тойдоо сүмийхэнтэй таарахгүй юм байна гэж бодох болов. Тэр үед аав, ээж хоёр маань салж, сүмд явахаа болив. Би сүмд явсаар байсан ч, мөнхийн гэрлэлтэд итгэхгүй болов. Кристиантай танилцсан үед Сүмээс нүүр буруулах нь төвөггүй байсан болохоор сүмээс холдон хөндийрлөө.

Бид хоёр бараг дөрвөн жил хамт амьдраад хоёр тийшээ болсон. Сүмд дахин явмаар санагдсан ч, толгойтой бүхэн элдвийн юм асуух болов уу гэж айж байлаа. Тэгээд эгчтэйгээ уулзахаар явлаа. Эгчийн тойрогт намайг хэн ч танихгүй, бас Сүмээс хэр удаан хөндийрснийг хэн ч мэдэхгүй болохоор би эгчийнд байх хугацаандаа сүмд дахин явж эхэллээ. Гэртээ ирээд өөрийнхөө тойрогт явдаг боллоо. Эхний ням гарагт би үнэхээр эмээж байсан ч хүмүүс намайг эргэж ирсэнд баяртай байв.

Хэний талд байхаа сонгох ёстой болсноо мэдлээ. Цаашид би нэг хөлөөрөө Их Эзэний талд нөгөө хөлөөрөө дэлхийн талд явах боломжгүй болсон байв. Ингээд бишоптойгоо уулзлаа. Цагаатгалыг ойлгоход тэр надад туслав. Ийнхүү заримдаа туйлын хэцүү байсан наманчлалын урт удаан үйл явц эхэлж билээ. Одоо ч энэ үйл явц үргэлжилж байна. Сурч мэдэх зүйл их байгаа ч илүү аз жаргалтай боллоо. Сүмд дахин явахаар шийдсэн нь зөв сонголт байсныг би мэддэг. Энэхүү сонголт бол зөв гэдгийг нь мэдэрсэн эсвэл мэдсэн зүйл дээр оюун ухаанаа төвлөрүүлж, амьдралдаа хэрэгжүүлэх явдал мөн.

Нэрийг нууцлав

Зөв шийдвэр гаргахдаа тууштай бай

Нэлээд хугацааны өмнө миний нэг найзад өөрийн чинь гаргах шийдвэртэй адил шийдвэр гаргах үе тулгарсан юм. Миний найз Сара Сүмийн тухай, сургаал үнэн болох тухай үргэлж бат бөх гэрчлэлтэй байлаа. Бүр багаасаа Сара бид хоёр ариун сүмд гэрлэхийг ихэд хүсэн мөрөөддөг байлаа.

Тэр 17-той билүү 18-тайдаа нэг залуутай танилцаж, болздог болов. Тэр залуу хувь хүний чанараараа шилдэг нэгэн байснаас гадна бусдыг өөртөө татдаг байв. Тэр гишүүн биш байсан ч эхний үед энэ нь асуудал болмооргүй санагдаж байв.

Ингээд Сара ариун сүмд ёслохгүйгээр гэрлэх юм бол, амьдрал нь ямар байх тухай боддог болсон юм. “Хэрэв бид хоёр гэрлэх юм бол харилцан буулт хийж болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр өөрчлөгдөх байх. Би түүнийг сайн мэдээнд авчирч чадах байх” гэж бодсон гэдэг.

Энэ тухай тэр олонтоо бодож, бүр уйлж, залбирсан гээч. Ариун сүмд гэрлэх чинхүү хүсэл сэтгэл зүрхнийх нь гүнд үргэлж байдгийг Сара мэддэг ч найз залуудаа сэтгэлтэй болсон нь шийдвэр гаргах сонголтыг хүндрүүлсэн гэдэг. Эцэстээ Сара түүнээс харилцаагаа тасалсан юм. Энэ бол түүний хувьд хамгийн хэцүү зүйлсийн нэг байсан ч тэрээр итгэл найдвараа Их Эзэнд тавьсан юм.

2007 оны хавар Сара нэг гайхамшигтай сайхан хүнтэй гэрлэсэн. Тэр хоёр одоо энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулаад байгаа. Тэр жинхэнэ хань болох хайртай хүнээ олж, ариун сүмд гэрлэх шийдвэр гаргасандаа баяртай байдаг.

Хэрэв чи ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байгаа бол мэдэх хүртлээ залбир. Итгэл найдвараа Их Эзэнд тавь. Ингэсэн тохиолдолд Тэрээр биднийг адисалдгийг би Сарагийн туршлагаас бас өөрийнхөө амьдралаас мэддэг болсон.

Анна Линдгрен, Швед

Эшлэл

  1. Нийл А.Максвелл, “Яагаад одоо үгүй гэж?” Ensign, 1974 оны 11-р сар, 13.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук: © Shambhala Publications-ийн суурь зураг

Шведийн Стокольмын Ариун сүмийн гэрэл зураг © Stefan Hallberg