2010
Анхдагчууд юу авчирсан бэ?
2010 оны долдугаар сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Анхдагчууд юу авчирсан бэ?

Зураг
President Stephen L Richards

Анхдагчууд болон тэдний амжилт бүтээлийг ойлгохын тулд бид тэдний зорилго тэмүүллийг судлах хэрэгтэй. … Тэд энд бусдын адил эрх чөлөө, амар амгаланг эрэн тэмцэж ирсэн юм. Тэд бусдын адил өөрийн гэсэн орон гэртэй болохын тулд ирсэн юм. Тэд бусдын адил ухамсрынхаа дагуу, сэтгэл ханамжтайгаар Бурхан, шашнаа шүтэхийн тулд ирсэн; гэвч миний мэдэхээр бусад анхдагч нарын хөдөлгөөнөөс ялгаатай нэг зүйлийн төлөө энд ирсэн нь юу вэ? гэвэл: тэд шинэ нийгмийг байгуулсны дараа өөрсдийн ирсэн тэр нийгэмд, тий мээ, өөрсдийг нь ад үзэн хавчиж байсан тэр хүмүүст, тэдэнд урам дэм өгч, хамтын ажиллагаа, амжилт ололт, аз жаргалд хүргэсэн амьдралын зарчмуудыг хэрэгжүүлэх явдал байсан юм. …

Тэгвэл тэд юу авчирсан юм бэ? Тэд хэмжээлшгүй шаргуу хөдөлмөрч зан чанарыг авчирсан юм. Тэд амжилт, аз жаргалын үндэс суурь болсон ажил хөдөлмөрийн сайн мэдээг зааж, амьдралд хэрэгжүүлж байлаа. …

Тэд боловсрол, урлаг, гоо сайхныг дээдэлж хайрыг авчирсан юм. …

Тэд мөн үнэнч шударга зан чанар, итгэсэн үйл хэрэгтээ шантаршгүй тууштай байх агуу чадварыг авчирсан билээ. …

Одоо би анхдагчуудын авчирсан хамгийн чухал зүйлийг нэрлэе. Энэ бол мэргэн ухаан, амьдралын чухал зүйлсийн талаарх мэргэн ухаан юм. …

Нэгдүгээрт, хүний бие махбодыг авч үзье. … Анхдагчуудын авчирсан хүний бие махбодын ариун чанар нь бие махбодын талаар шинэ үзэл баримтлалыг бий болгосон билээ. Бие бол Бурханы хүүхэд болох хүмүүний сүнс оршдог дэлхийн асар бөгөөд биед хортой эсвэл муу нөлөөтэй бодисуудыг хэрэглэж бие махбодыг бохиртуулах нь Бурханы таалалд үл нийцнэ. Учир нь хүний биед Бурханы Сүнс оршдог гэж анхдагчууд заадаг байлаа. … Тэд эрүүл мэндийн ач тустай хуулийг авчирсан юм. …

Хоёрдугаарт, хүний эрхэм зан чанарыг тэд авчирсан юм. … Хүн бол Бурханы хүүхэд, тэнгэрлэг дээд удамтай төдийгүй, хэрвээ үүнийгээ санаж амьдрах юм бол, ирэх бүх цагт Түүний мөнхийн ажил үйлсийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаатай байх хувь тавилан бий хэмээн тэд [анхдагчууд] заадаг байлаа. …

Дараа нь тэд бат бөх гэр бүлийг авчирсан юм. … Анхдагчууд гэр бүлийн талаар ямар мэргэн ухааныг авчирсан бэ? Тэд дэлхийн түүхийн бүх үеийн турш урьд өмнө байгаагүй дээдийн дээд, өргөмжлөгдсөн шинж чанаруудыг гэр бүлд өгсөн юм. Гэр бүлүүд бол энэ дэлхий дээрх аз жаргалтай амьдрал, хөгжил дэвшлийн нэгж төдийгүй Бурханы Селестиел хаант улсад өргөмжлөгдөх бидний найдварын үндэс суурь мөн гэдгийг заасан юм. Бидний эгээрэн хүсдэг диваажин бол бидний гэр бүлийг мөнх амьдралд буулгасан төсөөлөлтэй адил адил юм. Гэр бүлийн энэхүү эрхэм дээд үзэл баримтлал, өнөөдрийн гэр бүлийн амьдралд тохиож буй салалт, үүнээс үүдэлтэйгээр халуун ам бүл тарж бутран, хаягдмал, зөрүүд хүүхдүүд бий болж байгаа эмгэнэлт хэрэг явдлуудын хооронд алд дэлэм зөрөөтэй байгаа нь туйлын харамсалтай юм. … Хэрвээ эдгээр даруу анхдагчуудын авчирсан мэргэн ухаан өнөө үеийн гэр бүлүүдэд хүрч үйлчилдэгсэн бол, хүн төрөлхтний аз жаргал, хөгжил дэвшилд хэчнээн сайн нөлөө үзүүлэхсэн билээ.

Эцэст нь, … тэд ах дүүсэг ёсны сургаалыг авчирсан юм. Бүх улс, үндэстэн, хэлтэн болон хүмүүс Бурханы гэр бүлд багтдаг тухай үзэл баримтлалыг хамгийн үнэн бодитой арга замаар заасан юм. … Бүх нийтээр энх тайван орших гол найдвар бол дээр өгүүлсэн ах дүүсэг ёсны сургаалыг дэлхий даяар дэлгэрүүлэхэд оршино гэдэгт тэд … итгэдэг байлаа. …

… Миний ярьсан энэхүү ухаалаг зөвлөмжүүд, мөн бусад олон зөвлөмж бол Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний зарчмууд юм. … Энэхүү дээрээс ирсэн, амь болон үнэний захиаст итгэсэн бат итгэлээрээ анхдагчууд “Уулсын оргилд” [Исаиа 2:2] Их Эзэний өргөөг босгосон юм. Суурьшлыг бий болгож зэлүүд газрыг бидний одоо хэрэглэдэг гэр орон, байшин барилга, сургууль соёлтой хот, тосгодыг сүндэрлүүлэн босгосон нь нь үнэхээр нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Бурханы хаант улсыг байгуулан, Сионоос итгэл найдвар, мөнхийн мэргэн ухааны захиасыг хүмүүст хүргэхээр илгээсэн нь хамгийн агуу амжилт юм. Энэ бол манай эрхэм хүндэт анхдагчуудын авчирч бидэнд болон найзуудад маань үлдээсэн бодит өв юм. … Энэ бол бидний амьдралын хамгийн үнэ цэнэтэй бэлэг юм. Үүнийг эрхэмлэн дээдэлж, бусдад түгээн, үүгээр амьдрахад Бурхан бидэнд тусалдаг билээ.

Зураг чимэглэлийг Пол Манн

Анхдагчуудын авчирсан хамгийн эрхэм зүйл нь мэргэн ухаан байсан юм.