2010
Сицилд өөрсдийгөө мартсан нь
2010 оны долдугаар сар


Сицилд өөрсдийгөө мартсан нь

Люис Мендитто, Невада, АНУ

“Миний нэр Омар Интердонато.” Би Италийн Фиореллагийн хүү байна. Та түүний баптисмыг өдий хүртэл санасаар байгаа гэдэгт найдна” хэмээн и-мэйл эхэлсэн байв.

Гучин жилийн өмнө миний номлолын хамтрагч бид хоёр Сицил аралд томилогдож, Газрын дундад тэнгисийн эрэг дээрх үзэсгэлэнт хот Сиракузад үйлчилсэн юм. Ням гараг бүр зуслангийн нэгэн хуучин байшингийн зочны өрөөнд болдог байсан ариун ёслолын цуглаанд бид хоёр цөөхөн Хожмын Үеийн Гэгээнтнүүд цугладаг байлаа.

Номлолын ажил хэцүү байв. Иймээс бид цөөхөн хүнд баптисм хүртээсэн. Сиракуз хотыг бүрэн цагийн арванзургаан номлогч нэг захаас нөгөөг хүртэл дахин дахин самнаж, шаргуу ажилладаг байлаа. Нэг өдөр хамтрагч бид хоёр хотын газрын зургийг үзэж байгаад хотын зах дахь орон сууцнаасаа хэдхэн километрт орших нэг жижигхэн тосгоныг олж харав.

Бид хоёр задгай газраар явган явж, тосгонд ойртож очоод, хөндий уруу харсан өндөр довын орой дээр өвдөг сөгдөн зүрх сэтгэлийнхээ үгсийг Бурханд нээлээ. Тэгээд бид тосгоны ихэнх хэсгийг бүрдүүлсэн орон сууцны гэмээр хэсэг барилга уруу очин хаалга тогшин явлаа.

Тэгтэл Итали заншлаар ойр дотны хүн нь нас барсны дараа хар хувцас өмссөн 40 орчим насны нэг эмэгтэй биднийг хаалган дээрээ угтлаа. Бид хаалга тогшиж хуваалцдаг ярианыхаа сэдвийг өөрчилж, авралын төлөвлөгөөний талаар ярихаар болов. Тэр эмэгтэй биднийг гэртээ орохыг урив. Ингээд бид өсвөр насны хоёр охинтой түүнтэй бас нэг найзтай нь танилцав. Тэр эмэгтэй саяхан бэлэвсэрч, өсвөр насны дөрвөн хүүхдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх ёстой болсныг мэдлээ. Man’s Search for Happiness (Аз жаргалын төлөөх хүмүүний эрэл) хэмээх богино хэмжээний киног тэдэнд үзүүлэхэд дараагийн долоо хоногт эргэж ирэхийг биднээс хүслээ.

Эцэстээ тэр ээж ууган хүү, хоёр охин, тэдний эмээ бас хүүхдүүдийнхээ нэг найзын хамт баптисм хүртсэн. Би номлолынхоо дараа энэ гэр бүлтэй холбоотой байсан ч, нөгөөх и-мэйлийг авахаас өмнө охидынх нь найз залуу Фиореллад юу тохиолдсон юм бол доо хэмээн боддог байлаа.

“Ээж минь сайн мэдээнд насан туршдаа итгэлтэй байсан бөгөөд 1983 онд Мессина салбарын нэгэн сайн гишүүнтэй гэрлэж, ариун сүмд лацдан холбуулсан юм. “Би 1984 онд, миний эмэгтэй дүү Вероника 1987 онд төрсөн. Одоо бид бүгдээрээ Сүмд идэвхтэй байгаа. Флоридагийн жижигхэн хотод сайн мэдээг номлохоор шийдсэн хоёр номлогчийн хүч чармайлт тэмцлийн төлөө Их Эзэнд төлөөс хийхийн тулд би 2005-2007 онд Италийн Ромын Номлолд үйлчиллээ” хэмээн хүү нь бичжээ.

Номлолын хоёр жилийн золиослол үр дүнгээ өгсөн болов уу хэмээн эргэлзэж байсан удаа надад бий. Гэвч миний номлолын ачаар, Сицил арал дээр бусдад үйлчлэхийн төлөө өөрсдийгөө умартан урагш тэмүүлэх шийдвэрийг миний номлолын хамтрагч бид хоёр гаргасны ачаар Фиореллагийн амьдрал эгнэгт өөрчлөгдсөнийг мэдээд би маш их баярласан. (С ба Г 18:15-16-г үз).