2010
Сайн мэдээнд гэр орноо олсон минь
2010 оны долдугаар сар


Сайн мэдээнд гэр орноо олсон минь

Би Автралийн Пертэд өсч хүмүүжсэн хүн. Шашин шүтлэг миний анхаарлыг татдаггүй байлаа. Би Методист сүмд нэр өгөх адислал хүртэж, шашны сургуульд суралцаж, хааяа Баптист сүмийн цуглаанд эмээтэйгээ оролцдог байв. Байнга сүнслэг байгаагүй ч залбирах нь миний хувьд хэвшил болсон бөгөөд өөрийн итгэлийг хуваалцаж, Библээс уншихыг заасан эмээдээ талархъя. Би чухамдаа мэдрэмжээрээ Есүс Христэд итгэх итгэлийг бий болгож эхэлсэн юм. Эргээд санахад Тэнгэрлэг Эцэг маань сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад зүрх сэтгэлийг минь бэлтгэж байжээ.

Францаар аялж байх үед онцгой сүнслэг байдлыг ойлгоход минь тусалсан нэгэн явдал тохиосон юм. Би тэнд авто машины осолд оров. Хамгаалалтын бүсээ зүү гэсэн хүчтэй өдөөлт мэдрэгдсэний дараахан машин шарван, зургаан метрийн гүн жалга уруу унах нь тэр. Ийм ослын үед хүмүүс ихэвчлэн тахир дутуу болдог ч би хөл дээрээ дахин босч, мөн сэрэмжлүүлэх дуу хоолойг сонссоноор бурханлаг хүч миний өөрийн шийдвэрээс хавьгүй илүү гэдгийг би ойлгож эхэлсэн билээ.

Хоёр жилийн дараа оюутан солилцооны шугамаар Францад эргэж очоод байх үед Калифорниос ирсэн оюутан найз Кайла Барт намайг сүм уруу хамт очихыг урив. Кайлагийн сайн мэдээний төлөөх хязгааргүй урам зориг намайг гайхашруулсан юм. Би авралын төлөвлөгөөний тухай түүний ярьсан үг бүрийг шимтэн сонсож байв. Энэ бүхэн яг л өмнө нь сонсож байсан мэт надад танил дотно байв.

Намайг анх Ангоулемегийн цуглааны байранд ороход дулаахан хөнжлөөр хучаад авах шиг санагдаж билээ. Би “гэртээ” ирсэн байлаа. Тэр өдөр сонирхогчийн ангид Анхны үзэгдлийн тухай заасан бүрэн цагийн номлогч нэгэн хүчтэй гэрчлэл хуваалцав. Ариун Сүнс бидэнд хэрхэн гэрчилдгийг тэр номлогч тайлбарлахад зүрх сэтгэлээс минь дулаан илч цацарч, өвч биеийг минь дүүргэсэн юм. Тэрхүү хүчтэй гэрчлэл надад мартагдашгүй сэтгэгдлийг үлдээж, итгэлийг минь сорих бэрхшээлүүдийг даван туулахад тусалсан билээ.

Ангоулемегийн цуглааны байранд анх алхан орсноос хойш сарын дараа би баптисм хүртэхээр шийдэв. Тэгэхэд би 18-тай байсан болохоор эцэг эхийн зөвшөөрөл шаардлагагүй байв. Гэвч би Австрали уруу гэрийнхэнтэйгээ баяртай мэдээгээ хуваалцахаар утасдахад тэд Сүмийн талаар сөрөг бодолтой, намайг баптисм хүртэхийн эсрэг байсанд би сэтгэлээр унаж, мэл гайхаж билээ.

Энэ явдал зүрх сэтгэлд минь хүндхэн туссан даа. Хайртай гэрийнхнийхээ хүсэл бодлын эсрэг би сөрөн зогсох хэрэг үү? Эсвэл Австралид буцаж очих хүртлээ баптисмаа хойшлуулах уу? Тэнд бүр ч их эсэргүүцэлтэй тулгарах бус уу?

“Миний нэрийн төлөө гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно” гэсэн Maтай 19:29-ийн үгс шийдвэр гаргахад минь тусалсан юм. Аврагчийг бүр гэр бүлээсээ дээгүүрт тавих хүсэл надад байсан уу? Тийм түүгээр ч барахгүй. 1989 оны 12-р сарын 16-нд би баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлагдлаа. Францад байсан үе минь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, баяр баясгалангаар дүүрэн байлаа.

Намайг Пертэд эргэж ирэхэд гэрийхэн маань гар алдлан тэврэн угтав. Гэвч сайн мэдээг гэрийнхэнтэйгээ хуваалцах гэсэн миний оролдлого хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч билээ. Түүгээр ч барахгүй тэд намайг “гэгээрүүлж” сонгосон зам минь “алдаатай” байсныг ойлгоход туслах шашны “мэргэжилтэнтэй” уулзуулахаар төлөвлөсөн байсныг яана гээч! Тэр явдал миний итгэлийн агуу сорилт болсон бөгөөд Мормоны шашны эсрэг хүчтэй суртал нэвтрүүлгийн дараа би гаргасан шийдвэртээ өөрөө эргэлзэж эхэлсэн юм.

Гэсэн ч Францад байхдаа Бурханаас мэдсэн тэр зүйлээ би зүрх сэтгэлийнхээ гүнд үгүйсгэж нэг л чадахгүй байлаа. Тиймээс би өөрийгөө хүчирхэгжүүлэхийн төлөө Их Эзэний Сүнсийг эрэлхийлсэн юм. Хэдэн долоо хоногийн турш ням гараг бүрд мацаг барьж, залбиран, судраас суралцан, удирдамж, хүч чадлын төлөө санваарын адислал авч, Гэгээнтнүүдтэй холбоотой байхын тулд долоо хоног бүр сүмд явж байлаа. Би мунхаг байдлыг сөрөн Бурханы хүүхэд, Есүс бол Христ, Иосеф Смит Их Эзэний Сүмийг сэргээсэн, Мормоны Ном, Ариун Библи Бурханы үг мөн, гэр бүлүүд үүрд мөнх оршиж болно гэхчлэн мэддэг юмс дээрээ анхаарал төвлөрүүлэх болов. Энэхүү шинэ хэтийн төлөв нээгдсэнээр гэрчлэл минь өсч, улмаар бэхэжсэн юм.

Тэр жил надад тулгарсан сүүлчийн сорилт бол гэр бүлийн оролцоогүйгээр ариун сүмд гэрлэх асуудал байлаа. Францад байхдаа танилцаж захидлаар харилцдаг байсан залуу надтай уулзахаар Калифорнид гурван долоо хоногийн хугацаатай ирэв. Бид гэрлэх хүсэлтэй байсан ч, нэг хүндхэн асуудал нь ариун сүмд гэрлэж, энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулах уу эсвэл гэр бүлийхэн маань оролцох өөр хаана нэгтээ гэрлэх үү? гэсэн асуудал байлаа.

Тэгээд гадасны ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөг дагаж, 1991 оны хоёрдугаар сард ариун сүмд гэрлэв. Тэгэхэд гэрийнхэн маань гомдсон ч тэд Сүм миний амьдралд адислал авчирсныг хүлээн зөвшөөрсөн билээ. Хүүхдүүд маань сайн мэдээгээр өсч хүмүүжиж байгааг гэрийнхэн маань хараад хүүхдүүддээ бидний заадаг зүйлсийн төлөө, тэд эелдэг уриалгахан хүмүүс болон өсч торниж байгаад талархдаг байлаа.

Саяхан хүүхдүүдийн маань нэг намайг сайн мэдээг хүлээн зөвшөөрөх шийдвэр гарган гэр бүлээ Их Эзэний замаар өсгөсөнд талархаж явдгаа илэрхийлсэн юм. Тэрээр үүнийг чин сэтгэлээсээ хэлсэн бөгөөд сайн мэдээгээр амьдарна гэсэн шийдвэр нь зөвхөн миний амьдралыг бус түүний амьдралыг ч адисалсан гэдгийг ойлгон өөрийн эрхгүй нулимс минь урссан юм.

Есүс Христийн сайн мэдээ болох гэр уруу маань намайг хөтөлсөн дэлхий дээрх тэнгэр элчүүдийн нөлөө болон гайхамшигуудын төлөө Тэнгэрлэг Эцэгтээ би үүрд талархаж явах болно.

Зураг чимэглэлийг Жефф Уорд

Намайг анх Ангоулемегийн цуглааны байранд ороход дулаахан хөнжлөөр хучаад авах шиг санагдаж билээ. Би ингэж “гэртээ” ирсэн юм.