2010
Би үйлчлэх завгүй байсан уу?
2010 оны долдугаар сар


Би үйлчлэх завгүй байсан уу?

Нгози Франциска Окоро, Нигери

1997 онд манай салбарын ерөнхийлөгч цуглааны байрын орчимд салбараараа үйлчлэх төсөлд оролцоно гэж зарлав. Бид энэ төслийг Хожмын Үеийн Гэгээнтэн анхдагчууд Солт Лейкийн хөндийд хүрч ирсний 150 жилийн ойг дэлхий даяарх Сүмийн гишүүдтэй хамт тэмдэглэхийн тулд зохион байгуулсан юм.

Үйл ажиллагаагаар зам цэвэрлэж, хонхорхой нүхнүүдийг дарж тэгшлэв. Бид шороо тоосонд дарагдан халтартах байх, гэхдээ Сүмийн тухай бусадтай ярилцах боломжийг энэ үйл ажиллагаа бидэнд олгох болно гэж салбарын ерөнхийлөгч хэлж билээ.

Үйл ажиллагаа болох яг тэр цагт манай профессор нэмэлт лекц унших хуваарьтай байсан болохоор би үйл ажиллагаанд очиж чадахгүй нь гэж бодож байлаа. Хүн бүхэн намайг ойлгоно гэж би бодож байв. Тэгтэл Faith in Every Footstep (Алхам бүр дэх итгэл) товхимлыг олж уншлаа. Нэгдсэн Улсын өрнөд хэсэг уруу хийсэн Гэгээнтнүүдийн хүнд хүчир аяны үе дэх түмэн зовлон бэрхшээлийн тухай хэсгийг уншихад сэтгэл догдлон, нулимс аяндаа урсаж эхлэх нь тэр. Зарим Гэгээнтнүүд тохилог гэр орноо орхиж, зэлүүд газрыг зорин гарахдаа тэнд амьдрал нь ямар байхыг мэдэхгүй байсан аж. Тэдний зарим нь гэр бүлийнх нь бүх гишүүн замдаа үхэж үрэгдсэн ч аянаа шантралгүй үргэлжлүүлжээ. Тэд өвчин эмгэгт нэрвэгдэж, өлсөж цанган, ядуу зүдүү байсан ч, хэрэв Өрнөд нутагт цагаачлан очвол хавчигдан гадуурхагдахаас ангижирна гэдэгтээ итгэлтэй байжээ.

Сүмийг цаашид өсгөн хөгжүүлэхийн тулд анхны Гэгээнтнүүд асар их золиослол хийж, тэр ч байтугай зарим үед амь насаа алдаж байсныг мэдээд өөрийгөө чамлах бодол төрлөө. Тэдний золиослол, итгэлийн улмаас л би эдүгээ сайн мэдээний адислалуудыг хүртэж байгаа шүү дээ!

Тэднийхтэй харьцуулахад миний хийх золиослол яасан ч өчүүхэн юм бэ дээ! Ердөө хоёрхон цагийн үйлчлэл хийж, ганц нэгхэн хүнтэй сайн мэдээг хуваалцахыг л надаас хүссэн шүү дээ. Гэтэл би тэр үйлчлэлд оролцохгүй байх шалтаг хайж байдаг!

Ингээд би нөгөөх лекцийг мартаж, үйл ажиллагаанд оролцов Би шороонд халтартсан ч, хүмүүс ирж, Сүмийн тухай асуусан. Үйл ажиллагаанд оролцсондоо би баяртай байлаа. Ганц нэгхэн лекц тасалсан ч их сургуулиа төгслөө.