2010
Гарцгүй зүйл гэж байхгүй
2010 оны долдугаар сар


Гарцгүй зүйл гэж байхгүй

Их Эзэнд итгэ, тэгвэл Тэр чамайг хангах болно.

Зураг
Elder Erich W. Kopischke

Би Германд, халамжтай сайн, Сүмийн гишүүн гэр бүлд мэндэлсэн билээ. Аав минь 10 настай байхдаа, Дэлхийн II дайны үед одоогийн Польшийн Штеттин хотод сайн мэдээг найзаасаа сонссон ажээ. Тэр үед Штеттин хотод дайны улмаас номлогчид байхгүй байв. Сайн мэдээ үнэнийг хүлээн зөвшөөрсний дараа тэрээр үүнийг гэр бүлдээ зааж, тийнхүү тэд хөрвөгдсөн ажээ. Аав хожим нь Зүүн Германд амьдарч байсан ээжтэй минь танилцахад ч тэнд бас номлогчид байхгүй байв. Аав минь ээжид сайн мэдээг заахад ээж үүнийг хүлээн авсан гэдэг. Тэд гэрлээд Баруун Герман уруу нүүж, удалгүй би төрсөн гэдэг.

Тэр үед Германд Сүмийн гишүүн цөөн байсан юм. Сургуульдаа би цорын ганц гишүүн нь байв. Бурхан амьд, мөн энэ бол Түүний үнэн Сүм гэдэг гэрчлэлийг би бага насандаа олж авсан юм. Би хэзээ ч сайн мэдээ үнэн эсэхэд эргэлзэж байгаагүй. Би гэрчлэлдээ үнэнч байсан нь өсвөр насандаа идэвхтэй үлдэхэд тусалсан юм.

Сүмээс холдон хөндийрөхөөс эмээсэн минь

Надад Сүмд идэвхтэй гишүүн хоёр найз байсан юм. Тэд бол ах дүү хоёр. Бас бид хамт өссөн. Манайхан хоорондоо 25 километр хол амьдардаг байсан болохоор бид ням гарагт л уулздаг байв. Бид бас санваартны цуглаан, Залуу эрэгтэйчүүдийн үйл ажиллагаан дээр уулздаг байлаа. Хэдийгээр бид долоо хоногт ганцхан удаа уулздаг байсан ч, сайн найзууд байсан нь Сүмдээ идэвхтэй байхад бид гуравт бүгдэд нь тусалсан юм.

Хожим нь би надаас ах залуус Сүмдээ идэвхгүй болсныг хараад, хэзээ нэгэн цагт гэрчлэлээ алдах вий гэхээс үнэн голоосоо айж байв. Тэр үед Герман дахь Сүмд залуучууд их цөөхөн байсан болохоор, тэд идэвхгүй болоход, суудал нь эзгүйрээд байхгүй байгаа нь илт ажиглагддаг байлаа. Үүнд эцэг эх минь санаа зовниж эхэлсэн юм. Аав ээж минь хүүхдүүдээ шүтэн бишрэх эрх чөлөөтэй газарт өсгөн хүмүүжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсэн юм. Одоо тэд, “Эрикийг алдахгүйн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?” хэмээн бодох болжээ.

Намайг 14-тэй байхад нэг өдөр манайхан сүмээс гэр уруугаа явж байлаа. Тэр өдөр бас хэдэн залуус Сүмээс хөндийрснийг бид мэдсэн юм. Би аав ээж хоёртоо, “Намайг 21 хүртэл сүм уруу чирээд ч болсон явж байгаарай. Түүнээс хойш би амиа аргалахтайгаа болно!” гэж билээ. Би үнэхээр ингэж хэлсэн шүү. Ээж минь энэ тухай надад олон удаа сануулдаг байлаа.

Боловсролын талаарх шийдвэр

Намайг 10 орчим настай, бага сургуульд сурч байхад эцэг эх маань өмнө өгүүлсэн санаа зовнилтоосоо улбаалан миний ирээдүйн боловсролын талаар нэг шийдвэр гаргасан юм. Германд дээд боловсрол маш эртнээс эхэлдэг. Эцэг эх минь дээд боловсролын сургуульд сурдаг олон залуу хүн Сүмээс хөндийрөхийг харсан учраас надад дээд боловсрол эзэмшүүлэхгүй гэж шийдсэн юм. Аав ээж хоёр, “Чи ямар ч сургуульд орж болно. Харин Гимназид [их сургуулийн бэлтгэл сургууль] л явахгүй шүү!” гэх нь тэр.

Энэ нь намайг анхан шатны боловсрол эзэмшсэний дараа мэргэжлийн сургуульд орох хэрэгтэй. Мэргэжлээрээ бизнесийн зэрэг авч болно шүү дээ гэсэн үг байлаа. Энэ нь ирээдүйд миний эзэмшиж болох олон мэргэжлийг хязгаарласан юм. Би 18—тайдаа номлолын бэлтгэлээ дуусгаад, Германы Мюнхенд үйлчлэхээр дуудагдав. Номлогч байх нь надад сайхан байлаа.

Номлолоо дуусгасны дараа надад ажлын сонголт хомс байлаа. Би боловсролоо эзэмшиж дууссан байлаа. Би номлолоосоо чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн дараа Кристиантайгаа гэрлэв.Иймээс дээд боловсрол эзэмших боломжгүй болсон юм. Нэгэн удаа би мэдлэг боловсролгүйдээ гутарч, аав ээжийнхээ шийдвэрийг буруу байсан гэж бодлоо.

Гэвч, “Аав ээж чинь энэ зүйлийг, чамайг хамгаалахын тулд хийсэн юм. Тэд чамд хайртай учраас үүнийг хийсэн, энэ шийдвэр нь чиний сул тал болохгүй” гэсэн бодол орж ирж билээ. Зарим үед энэ нь надад дэлхийн жишгээр бодоход сул тал мэт санагдаж байсан, Одоо бол, хэзээ ч тийм байгаагүй гэдгийг би ойлгодог. Би даатгалын бизнест хөл тавихаар шийдэж, хожим нь компанийхаа удирдлагад дэвшин ажиллав.

Би багш болохыг үргэлж мөрөөддөг байв. Германд их сургуулийн зэрэггүйгээр багшлах нь боломжгүй зүйл шүү дээ. Гэвч яваандаа би шашны багш болж чадсан юм. Би Сүмийн Боловсролын Системийн багш болов. Одоо ч та нартай ярьж байхдаа би багшийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ бүгдээс эцэг эхээ сонсож, тэдний зөвлөгөөг дагаж, тэд чамайг хайрлаж, чиний төлөө залбирч, юу хэрэгтэйг чинь мэддэг гэдэгт итгэх нь үнэхээр адислал мөн гэдэг талаар би өөрийн гэрчлэлтэй болсон хүн. Миний Сүмдээ идэвхтэй байх эрмэлзэл болон эцэг эхийн минь намайг хамгаалах хүсэл их хүчтэй байсан учир бүх зүйл надад сайнаар нөлөөлсөн юм.

Миний дээд боловсрол

Залуу насанд минь намайг бэхжүүлж байсан бас нэг зүйл бол семинарын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр 1972 онд намайг 14-тэй байхад Германд эхэлсэн юм. Миний амьдралд семинар их нөлөөлсөн. Семинарын багш маань сайхан сэтгэгдэл төрүүлж, надад сайнаар нөлөөлсөн тул тэр эмэгтэйг би одоо ч гэсэн санадаг.

Семинарын ангиас сурсан зүйлүүд болон судраас хувиараа суралцдаг байсан нь судруудыг хайрлахыг надад төлөвшүүлсэн юм. Судраас суралцсанаар миний гэрчлэл өсч, би хэзээ ч семинар, институтэд суух хүсэл сонирхлоо алдаагүй. Би Германы анхны өглөөний семинарыг заасан багш. Семинарын хичээл үнэхээр сайхан байв. Хүүхдүүд хичээлдээ дуртай болж өглөө бүр эрт ирдэг болов. Тэдний зарим нь нэлээд холоос явдаг байв. Тэр ангийн сурагчдаас бүх хөвгүүд нь номлолд үйлчилж, бараг бүгдээрээ Сүмд идэвхтэй хэвээр үлдсэн билээ.

Гэрчлэлтэй болоход тусалж, амьдралд минь хамгийн сайнаар нөлөөлсөн зүйл бол семинар, институтийн анги байсан гэж би боддог. Тэр тусмаа хүндэтгэдэг багшаас сайн мэдээний зарчмууд болон сургаалуудыг сонсож, судраас, найзуудтайгаа суралцдаг байсан нь надад их нөлөөлсөн юм.

Судраас суралцах явцдаа хийх хамгийн сайн зүйлийн нэг нь өөртэйгөө адилтгах юм. Багш нар маань заахдаа, “Энэ судрыг уншихдаа, өөрсдийнхөө нэрийг орлуулж үз” гэж их зөвлөдөг байв. Би судруудыг яг л Нифай, Хиламан, Моронай нар шиг уншиж чадах юм байна гэдгээ мэдсэн шүү. Энэ нь намайг судраа унших үед хүрээлэн буй орчныг тэр чигээр нь өөрчилдаг байв. Энэ бол яг л зүүд мэт байв,, Нэг мэдэхэд л би уншиж байгаа хүмүүсэйгээ яг адил нөхцөлд орсон мэтээр өөрийгөө төсөөлдөг байв.

Судрууд надад итгэл бол бодит юм гэдгийг ойлгоход тусалсан юм. Сударт болсон үйл явдлуудыг зөвхөн мэдэх нь хангалтгүй юм Бид итгэлээрээ Их Эзэний үнэн бодит байдалтай холбогддог билээ. Үүнийг би залуу байхдаа семинараас мэдэж авсан юм. Хэрвээ Их Эзэн бидэнд даалгавар өгсөн бол, бид түүнийг “биелүүлж” (Нифай 3:7) чадна гэдэгт би гүнээ итгэдэг. Даалгаврыг биелүүлэхэд хэрэгтэй зүйлийг Тэр бидэнд өгөх болно.

Судраас ирдэг хүч

Бага байхад надад их тусалсан судар бол Иошуа 1:6-9 юм. Уг сударт, “Тууштай бөгөөд зоригтой бай. … Бүх хуулийг сахин биелүүл. … Амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай” гэсэн байдаг.

Би залуу байхдаа, “Их Эзэнээс ажил үүрэг авсан цагт баруун тийш ч, зүүн тийш ч, хаашаа ч хазайхгүй” гэж боддог байв. Үүний үр дүнд би сайн туршлагатай болсон юм. Жишээ нь: нэг өдөр миний бизнес сургалтад суух, Сүмийн хуралд очих хоёр давхцав. Мөн үүний дараа ажил дээрээ шуудантай холбоотой хийх ажил байлаа. Ердийн үед би энэ ажлыг бусад ажиллагсадтай хамтран хийхэд ажлын цагаас хойш дахиад нэг л цаг зарцуулдаг байв. Гэвч тэр өдөр би Гамбург уруу 17:30-ийн галт тэргээр Сүмийн хуралдаа явах ёстой байлаа. Би бусдадаа энэ тухайгаа хэлэхэд, тэд “Амжилт хүсье. Хурал чинь болохгүй байх аа даа” гэв.

Би тэдэнд, “Энэ бол чухал хурал, болохдоо л болно” гэж хэлэв. Тэд мөрөө хавчаад, егөөдөлтэйгөөр, “Тийм ээ, чи ч лут итгэлтэй хүн дээ. Шүтлэгтэй л байвал бүх зүйл аяндаа бүтчихдэг гэж боддог хүн шүү дээ чи. Чинийхээр бол бид шууданг 4 цаг 50 минутад дуусгах ёстой. Гэтэл амжихгүй нь байна шүү дээ” гэлээ. “Бүх зүйл болдгоороо л болно. Харин би өнөө орой Гамбургт цагтаа очих хэрэгтэй”.

Итгэхэд хэцүү ч, гурван жилд ердөө ганц удаа бүх ажил 5 цагт 10 минут дутуу байхад дуусч,би галт тэргэнд амжиж суусан юм. Энэ явдал бусад ажиллагсдад аятайхан сэтгэгдэл төрүүлж, би тэдний заримтай нь сайн мэдээний талаар ярилцах боломжтой болсон билээ.

Их Эзэнээс ажил үүрэг авсан үед хэрвээ “баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй” бол бүх зүйл бүтнэ гэсэн бат итгэл надад байсан юм. Хэрэв ийм итгэл байгаагүй бол тэр өдрийн шуудангийн ажил эрт дуусна гэдгийг би мэдэхгүй байх байсан. Зарим үед тиймэрхүү зүйлийг урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Бид эдгээр зүйлс хэрхэн тохиох ёстойг Их Эзэнд хэлж чадахгүй. Харин Түүнд итгэх итгэл байсан цагт бүх юмс ихэнхдээ сайнаар эргэх болно.

Бага байхдаа олсон судрын мэдлэг, эцэг эхийн минь сайн үлгэр жишээ надад маш чухал зүйлийг өгсөн юм. Эдгээр нь, миний өдөр тутмын амьдралд Их Эзэн туслан адислах болно гэсэн итгэлийг надад бий болгосон юм.

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит

Алма 46:20: Нааш ирцгээ, Уолтер Рейн, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв