2010
Би хаанаас ирсэн юм бол?
2010 оны долдугаар сар


Би хаанаас ирсэн юм бол?

Бетти Холловелл, Индиана, АНУ

Бага байхдаа “Би хаанаас ирсэн юм бол?” гэж олонтаа боддог байж билээ. Би энд ирэхээсээ өмнө хаа нэгтээ амьдарч байснаа зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг байсан ч, чухам хаанаас гэдгээ мэддэггүй байлаа.

Энэ тухай би олон жилийн турш хэнд ч, бүр аав, ээж дээ ч ярихаас айдаг байлаа. Учир нь тэд намайг солиорчихож гэж бодох болов уу гэж эмээдэг байж билээ. Гэвч би арав орчим настай байхдаа нэг өдөр “Бид дэлхийд ирэхээсээ өмнө хаана амьдарч байсан юм бэ?” гэж сүмийнхээ пастороос асуухаар зориглож билээ. Тэр намайг ийм юмны тухай бодох хэрэггүй гэх нь тэр. Төрөхөөсөө өмнө амьдарч байсан хүн нэг ч байхгүй. Бид ямар нэг байдлаар өмнө нь амьдарч байсан байж таарахгүй шүү дээ хэмээн тэр хэлж билээ.

Түүний зөв байх бас би солиорсон байх гэж айсан ч нөгөөх бодол оюун санааг минь эзэмдсэн хэвээр байв. Би энэ асуултын хариуг эрсээр байсан ч хариу өгөх хүн байсангүй.

Намайг 18-тай байхад манайх нүүв. Бидний нүүж ирсэн шинэ хотын сургаал номлогчид өмнөх хотын номлогчдоос илүү зүйл мэдэж магадгүй гэж бодоод би нөгөөх асуултаа тэдний нэгээс асуулаа. Түүний хариулт ч бас адил байв. Ийм зүйлийг бодох нь хэвийн биш хэрэг гэж тэр хэлээд намайг сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөв.

Түүнээс хойш удалгүй сүмд явахаа болив. Би ажилд орж, нэг залуутай танилцаж, түүнтэй гэрлэсэн ч, таван жилийн дараа салав. Тэгээд би өөрийнхөө бүх юмыг авч, хоёр хүүхдээ чирээд, гэдсэндээ нэгийг тээгээд төрхөмдөө буцаж ирэх нь тэр.

Тэр таван жилийн хугацаанд ээж минь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд элссэн байлаа. Намайг ээж дээр очиход тэр Сүмийн тухай дурдаж, намайг номлогчидтой ярилцахыг хүсэв. Эцэстээ би зөвшөөрсөн ч, энэ дэлхийд ирэхээсээ өмнө намайг хаана амьдарч байсныг, би одоо хэн бэ гэдгийг тэр ахлагч нар надад хэлж өгсөн тохиолдолд л номлогчдын ярилцлагыг авахыг зөвшөөрч болох юм хэмээн шийдсэн байлаа.

Гайхалтай нь, тэд миний асуултанд зөвхөн хариулсан төдийгүй, хариуг надад Библиэс шууд өгч билээ (Иoв 38:4-7; Иeремиа 1:5; Иуда 1:6-г үз). Үүний дараа би тэдэнд чухам хоёргүй сэтгэлээр хандах болсон юм! Тэдний хариулт энэ дэлхийд ирэхээсээ өмнө би хаа нэгтээ амьдарч байсан юм шиг үргэлж бодогддог байсныг ойлгоход тусалсан юм. Мөнх бус байдлын өмнөх оршихуйд би Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарч байснаа ойлгодог болсон.

Би төдөлгүй Сүмийн гишүүн болсон билээ. Би амьдралдаа анх удаа өөрийгөө хэн нэгэн гэдгээ мэдэрч тэнгэр дэх гэртээ, Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих зорилготой хүн гэдгээ ойлгосон юм.

Өөр хэний ч хариулж чадаагүй асуултанд хариулсных нь төлөө би тэр номлогчдод талархаж явдаг билээ.