2010
Сурч мэдсэнээрээ өсч хөгжсөн минь
2010 оны долдугаар сар


Би хэрхэн мэдсэн бэ?

Сурч мэдсэнээрээ өсч хөгжсөн минь

Сайн мэдээний сургаалуудаас суралцахад миний хүнд нөхцөл өөрчлөгдөөгүй ч би өмнөхөөсөө илүү баяртай байлаа.

Намайг 14-тэй байхад Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчид манайд ирж, ээж бид хоёрт заасан юм. Тэд удалгүй биднийг баптисм хүртээч гэж хүсэв. Ээж зөвшөөрсөнгүй. Харин би зөвшөөрөв. Одоо эргээд санахад би хөрвөгдсөнөө мэддэггүй. Би тэр үед өсвөр насны олон үе чацуутныхаа адил ердийн зүйлээс ялгаатай ямар нэг юм хийхийг л боддог байсан гэж боддог.

Дараагийн нэг жилийн турш би сүмд ганцаараа явлаа. Сүм надад нэг л тохирохгүй байгаа юм шиг санагддаг байв. Бас тэгээд заалгасан юмныхаа ихэнхийг ойлгохгүй байлаа. Гэвч би идэвхтэй байсан. Дараа жил нь Мехико хот дахь Сүмийн сургуульд сурдаг болж, гэрээсээ хол амьдрах болов. Анх удаа ирж үзэхэд тэр ахлах сургууль надад таалагдсан болохоор би тэр сургуульд орохын тулд шаргуу ажилласан ч (бас тэр сургуульд орохыг аав, ээж хоёроороо зөвшөөрүүлэхийн тулд) тэнд ганцаараа байх нь амаргүйг би удалгүй ойлгов. Надад өдий хүртэл гэрчлэл байсангүй. Иосеф Смит гэж хэн байсныг, Мормоны Ном юу заадгийг би үнэхээр ойлгодоггүй байлаа. Би энд нэг л тохирохгүй байгаагаа өмнөхөөсөө илүү ихээр мэдрэх болов.

Мэдээж хэрэг энэ тухай аав, ээждээ хэлээгүй л дээ. Энэ сургуульд орохыг надад зөвшөөрөөч гэж аав ээж хоёртоо ятгахын тулд би чамгүй их цаг зарцуулсан юм. Гэтэл одоо энэ сургууль миний байх газар биш гэж яаж хэлэх юм бэ? Бардам зангийнхаа улмаас би дотроо чимээгүйхэн шаналж байв.

Аав ээж хоёр маань салж байгаа тухай мэдээг дуулаад миний хүнд байдал бүр дордов. Миний бүх юм болохоо байчихсан юм шиг санагдаж байлаа.

Энэ л үед манай бишоп намайг урьж, амьдрал ахуй ямар байгааг асуув. Надад тохиолдсон таагүй явдлуудын тухай бүгдийг ярилаа. “Цаашид яах талаараа би юу ч мэдэхээ болилоо” гэж хэллээ.

Тэр сайн бишоп надад сайн мэдээний тухай зааж гарлаа. Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн ярилцах сэдвээр бид яриагаа эхэлж билээ. Нэлээд хугацааны дараа бид Цагаатгалын тухай ярилцлаа. Бишоп надад сайн мэдээний үнэнийг заахад би анх удаагаа гэрчлэлтэйгээ мэдэрч билээ. Эгзэгтэй тэр үед түшиж тулах зүйл надад байсанд би баяртай байлаа. Гэр бүлийнхэндээ туслах боломжгүй байсан ч, Тэнгэрлэг Эцэгт ойр байгаадаа бага ч болов баяртай байлаа. Тэрээр намайг мэддэгийг ойлгодог боллоо. Энэ нь юм бүхнийг өөрчилсөн юм.

Юм юм нэг л болохгүй байгаа юм шиг санагдах нь Сүмийн шинэ гишүүдэд нийтлэг тохиолддог байж магадгүй. Хэрэв та сайн мэдээг тэр дор нь ойлгохгүй байсан ч энэ бол асуудал биш гэдгийг би ойлгосон юм. Хамгийн гол нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа, бас амьдралд чинь зориулсан төлөвлөгөө, зорилго Түүнд байдгийг ойлгох явдал мөн. Аврагч таны нүглийг цагаатгасныг, өөр хэн ч биш зөвхөн Тэрээр таныг төгс ойлгодгийг мэдэх нь чухал юм. Эдгээр сургаалуудыг ойлгосон үед бусад бүх юм байрандаа орсон.

Бишопын минь хайр, тэвчээртэй сургаалын ачаар ахлах сургууль миний амьдралд эерэг, гэрэл гэгээтэй үе болсон юм. Сүмийн ахлах сургуульд сурах болсон нь би хэн бэ гэдгийг, амьдрал минь ямар байх ёстойг харах үзэл бодлыг минь өөрчилсөн билээ. Би сургуулиа төгсөөд Мехико хотод үлдсэн. Амьдрах газар олсны дараа миний хийсэн анхны зүйл бол цаашид сайн мэдээнд өсч хөгжин, амар амгаланг олсоор байх тэндхийн тойрог хаана байдгийг олж мэдсэн явдал байсан юм.

Түүнээс хойш удалгүй би Солт Лейк хотын Ариун Сүмийн Талбай дээр номлолд үйлчлэв. Амьдрал минь тогтворгүй болсон тэр үед надад бат бөх суурийг тавьсан үнэнүүдийг бусадтай хуваалцсанаас би агуу баяр баяслыг олсон билээ.

Сүмийн гишүүн болсондоо би баяртай байдаг. Тэнгэрлэг Эцэг бид бүгдийг нэг бүрчлэн мэддэгийг, Түүний төлөвлөгөө бидэнд зориулагдсан гэдгийг би мэднэ. Надад зориулсан Түүний төлөвлөгөө агуу адислал болсон билээ.

Соня Падилла Ромерогийн зөвшөөрлөөр гэрэл зургийг нийтлэв; Хоёр дахь Ирэлтзургийн хэсгээс, Грант Ромни Клосон