2010
Ариун сүмд хүрсэн нь
2010 оны долдугаар сар


Ариун сүмд хүрсэн нь

Чом Коемли, Камбож

Нөхөр бид хоёр 2001 онд баптисм хүртсэнээс хойш ариун сүм уруу гэр бүлээрээ очиж лацдан холбуулах талаар олон удаа ярилцсан юм. Гэсэн ч биднийг явахаас өмнө нөхөр маань элэгний өвчнөөр нас барсан тул бидний төлөвлөгөө талаар болсон юм.

Би их шаналсан ч нөхрөө нас барсны дараа гэр бүлээрээ лацдан холбуулах хүсэл минь улам ч их болов. Дөрвөн хүүхэдтэй бэлэвсэрсэн ч, Камбожаас 1,600 километрт орших Хонг Конгийн Ариун сүм уруу хүүхдүүдтэйгээ очиход хүрэлцэх хэмжээний мөнгө цуглуулах нь амаргүй гэдгийг би мэдэж байлаа.

Бидний орлого бага байсан ч ариун сүмд гэр бүлээрээ лацдуулах хэрэгтэй гэдгийг мэдэж байлаа. Би зочид буудлын угаалгын газартаа үргэлжлүүлэн шаргуу ажиллаж, хүүхдүүд маань тохиолдлын бага сага ажил давхар хийж байлаа. Хэдийгээр бид аяллын зардлаа бага багаар цуглуулж байсан ч, хангалттай мөнгө цуглуулж чадахгүй нь тодорхой болсон юм.

Бид мөнхийн гэр бүл дэлхий дээрх ямар ч эд зүйлсээс илүү үнэ цэнэтэйг мэдэж байсан болохоор, бидэнд байсан цорын ганц үнэтэй зүйл болох нөхрийнхөө мотоциклийг зарахаар шийдэв. Үүнийгээ бид хангалттай үнээр зарсны дараа удахгүй, ээжийн минь үүрдийн хань, хайрт аавтайгаа лацдан холбуулна гэж бодохоос бидний зүрх сэтгэл хөөр баяраар дүүрч байсан юм.

Гэвч бидний баяр баясал удаан үргэлжилсэнгүй. Мотоциклоо зарснаас долоо хоногийн дараа, бид сүмээсээ гэртээ очиход, манайд хулгай орсон байв. Мотоциклоо зарж олсон мөнгө маань байхгүйг мэдээд бид уйтгар гунигт автлаа. Хулгайд өртсөнөөс хойш олон сарын туршид бид ариун сүмд очих боломжтой болохын төлөө байнга залбирч байлаа.

Хэдэн сарын дараа бид залбирлынхаа хариуд Ариун сүмд явах гишүүдэд туслах Сүмийн сангаас тусламж авах болсноо мэдлээ.* Бид энэ мэдээг сонсоод магнай хагартлаа баярлаж, өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан ариун сүмийн аялалдаа төдөлгүй гарч билээ.

Сүмийн өгөөмөр гишүүдийн ачаар мөнхийн гэр бүл болсондоо бид ихэд баярлан талархаж явдаг.