2010
Тэр ямар ч шархыг эдгээж чадна
2010 оны долдугаар сар


Бид Христийн тухай ярьж байна

Тэр ямар ч шархыг эдгээж чадна

Би, Аврагчид итгэл найдвараа тавих гэдэг нь чухамдаа ямар утгатай болохыг биеэрээ амсаж, сурсан мэдсэнээ чин сэтгэлээсээ хуваалцахаар шийдэж билээ.

Энэ явдал 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд бидний хуримын найман жилийн ойгоор болсон юм. Тэр өдөр манай ууган хүү асрагчийн буруугаас эндсэн юм. Тэгэхэд хүү минь дөнгөж хоёрхон сар хагастай байлаа.

Хүүгээ алдсаны дараах сар, жилүүд уй гашуу, уур хилэн, урам хугаралт, цөхрөлөөр дүүрэн байв. Намайг гүнзгий цөхрөлд хүргэсэн сэтгэл санааны хямрал үгээр хэлэх аргагүй байлаа. Хэн ч юу ч хийсэн надад тус болохгүй байлаа.

Олон ном, судар уншсан ч, аль нь ч гуниг цөхрөлд маань хариулт өгсөнгүй. 

Аав ээжийнхээ найз Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеймс И.Фауст (1920-2007)-тай уулзаж ярилцах ховорхон завшаан надад олдсон юм. (Тэр Бразилид номлолд байхдаа миний ээж Флавиатай болон гэрийнхэнтэй минь танилцсан ажээ.) Ахлагч Фауст намайг тайтгаруулж чадна гэдэгт би итгэлтэй байлаа.

Би түүнээс олон асуулт асуухад тэр тэвчээртэйгээр сонсож байв. Ахлагч Фауст миний туулж өнгөрүүлсэн зүйл үнэхээр хэцүү, зүрх шимшрүүлэм зовлон байсныг ойлгож байлаа. Тэр надтай хэдэн судар хуваалцаад, уй гашуугаа эдгээхийн тулд ажиллах хэрэгтэй байгааг ярилаа. Тэгснээр хүүтэйгээ дахин учран золгохын төлөө Их Эзэний хүсэл таалалд бүрэн захирагдах хэрэгтэй байгааг хэлэв. Тэр надад, “Сильвия, одоо бол чи өөрөө чухал шүү. Эндсэн нялх үрийнхээ төлөө сэтгэл гансран зовж байгааг чинь ойлгож байна, гэхдээ чи одоо өөрийнхөө талаар, амьдралаа хэрхэн дахин хэвийн болгох талаар санаа тавих хэрэгтэй. Энэ нь тийм ч амаргүй л дээ. Гэвч Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан зүрх сэтгэлийнхээ шархыг эдгээж болно шүү дээ” гэж хэллээ. 

Дараа нь тэр надад адислал өгөв. Бидний амьдралд Есүс Христийн нөлөөлдөг амин чухал үүргийг ойлгож, Түүнийг надад хэрэгтэй байгаа хүч чадлын эх сурвалж байлгах нь адислалын агуулга байлаа.

Гэвч энэ нь хангалттай санагдсангүй. Учир нь түүний зөвлөгөө хэтэрхий энгийн мэт, үр дүнгээ өгөх нь юу л бол гэж бодогдож билээ. Хэлсэн үгс нь надад нөлөө үзүүлээгүй болохоор ээж минь бас цөхөрч гүйцсэн байв. “Аврагчид итгэж, найдан, уй гашуугаа эдгээх боломжийг цаг хугацаанд олго” гэж ээж минь хэлснийг би санадаг.

Баяр баясгаланг дахин олж авах хувийн аянд гарахдаа би өгсөн зөвлөгөөг зүрх сэтгэлийнхээ гүнд тээн, Аврагчид жинхэнэ ёсоор итгэх гэгч чухам юу болохыг мэдэхээр шийдсэн юм. Юмс тийм ч хурдан өөрчлөгдсөнгүй. Гэвч өдөр хоног, он жилүүд өнгөрөх тусам залбирал, өсөн хөгжиж байсан гэрчлэлийнхээ тусламжтайгаар Аврагч бидний уй гашууг эдгээж чадна гэдгийг би өчүүхэн ч эргэлзээгүйгээр мэдсэн юм. 

Хүн бүр надтай адил Төлөөлөгчтэй уулзах боломжгүй ч, хүн бүхэн Аврагчийг мэдэх боломжтой байдаг. Түүнийг мэдэж, Түүнийг хүлээн авснаар бид ачаагаа Түүнд үүрүүлдэг. Тиймээс Есүс Христийг амьдралдаа байлгаснаар аливаа өвдөлт хөнгөрдөг.

Их Эзэнийг амьдралдаа байлгаснаар энэ амьдралд бид баяр баясгаланг олдгийг би мэднэ. Тэр бол бидний найз, багш мөн эцсийг хүртэл тэвчихийн үлгэр жишээ мөн. Тэрээр бүх төрлийн өвдөлт, тэсэхүйеэ бэрх зовлон, зүдгүүрийг хүлцэн тэвчсэн болохоор бидний зовлонг мэддэг (Aлмa 7:11-12-ийг үз). Түүний Цагаатгал энэ амьдралд эвдэрч хэмхэрснийг эдгээн засахын гайхамшгийг харуулж, дараагийн амьдралын бэлтгэлийг хангадаг юм.

Би Ахлагч Фаустын зөвлөгөө, ээжийнхээ хэлсэн үгсэд үргэлж талархалтай байх болно. Надад тохиолдсон гай зовлон хэчнээн хэцүү байсан ч, Есүс Христ бол урам зориг, итгэл найдварын байнгын эх сурвалж гэдгийг ойлгоход минь тэд тусалсан юм.

Христбаян залуу захирагч хоёр зургийн хэсгээс, Хейнрих Хофманн, С.Харрисон Конрой компаний зөвшөөрлөөр нийтлэв.