2010
Намайг хөтлөөч, намайг удирдаач
2010 оны долдугаар сар


Намайг хөтлөөч, намайг удирдаач

“Тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй” (1 Нифай 21:15).

Намайг 10 настай байхад манайх Даниас Канадад нүүж ирсэн юм. Манайхыг нүүж ирээд удаагүй байтал гудамжны эсрэг талд амьдардаг хоёр эгч 12 настай ах Поул бид хоёрыг хот үзүүлэхээр болж автобусаар авч явахаар манайд ирэв.

Поул бид хоёр хот үзэхээр явах болсондоо их баяртай байлаа. Ээж дэмжихгүй байснаа эцэстээ зөвшөөрөв. Ээж нөгөө хоёр охинд бидний автобусны мөнгийг өглөө. Ах бид хоёр англиар ярьдаггүй учраас бидэнд анхаарал тавихыг ээж тэднээс хүсэв. Охид бидэнд анхаарал тавихаа амлалаа.

Бид дөрөв автобусанд сууж явлаа. Хэсэг явсны дараа автобус зогсоход охид биднийг буу гэж дохив. Бид дөрөв хотоор явлаа.

Тэгтэл охид хоёр тийшээ гүйгээд явчих нь тэр! Бид хоёр тэдний хойноос гүйсэн ч мэдэхгүй булан тойроод харагдахгүй болов. Эхлээд охид нуугдаж тоглож байгаа юм байна. Мөдхөн буцаад ирнэ гэж бодов. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа бид хоёр төөрчихсөнөө мэдлээ.

“Хаашаа явахыгаа хүнээс асуух уу?” гэж би Поулаас асуулаа.

“Бид англиар ярьдаггүй, бас хаягаа ч мэдэхгүй шүү дээ” гэж тэр хариулав.

“Ээж уруу утасдья” гэж би ойролцоох утасны бүхээг уруу зааж хэллээ.

“Бидэнд мөнгө байхгүй, утасны дугаараа ч мэдэхгүй шүү дээ” гэж Поул хэлэв.

Би уйлж эхэллээ. Поул намайг тэвэрч, “Тайвшир, Анн Метте. Хоёулаа залбиръя” гэв.

Бид хоёр бие биеэ тулж зогсоод гэртээ харих замаа олоход туслаач хэмээн Тэнгэрлэг Эцэгээс гуйв.

Залбирлын дараа Поул нэг гудамж уруу зааж, “Энэ зүг уруу явах хэрэгтэй гэж надад санагдаад байна” гэв.

Би дахиад л уйлж гарлаа. Ийшээ явах ёстой гэдгийг тэр яаж мэдсэн юм бол оо?

Поул дахиад намайг тайтгаруулав. “Биднийг удирдаж байгаа гэдэгт итгэх итгэл бидэнд байх хэрэгтэй” гэж тэр хэлэв.

Түүнийг ингэж хэлэхэд надад амар амгалангийн мэдрэмж төрлөө. Би итгэлтэй байх хэрэгтэй, намайг удирдах боломжийг ахдаа олгох хэрэгтэй гэсэн бодол надад төрлөө.

Удтал явган явсны эцэст бид хоёр нэг цөөрөм уруу хүрч ирэв. “Чи энэ цөөрмийг санаж байна уу?” гэж Поул асуув. “Бид нисэх буудлаас шинэ гэртээ ирэхдээ энэ цөөрмийн хажуугаар өнгөрсөн шүү дээ!”

Түүний хоолой сэтгэл догдлон баярласан байхыг сонсоод би тайвширсан юм. Бид хоёр цөөрмийн дэргэд суугаад дахин нэг залбирав.

Поул гэнэт алсад нэг юм харав. “Чи түүнийг харж байна уу” гэж тэр хашгирав. Поул босч гүйхэд би түүний араас харайлгав.

“Чи юу харав аа?” гэж би түүний араас дуудлаа.

Энэ чинь манай байшингийн ойролцоох угаалгын газрын тэмдэг байна шүү дээ!”

Бид хоёр тэр тэмдгийг дагаад гудамжиндаа хүрч, байшингийнхаа гадаа зогсож байгаа ээжийгээ харав. Бид хоёр ээж уруугаа гүйж очоод, чанга тэвэрлээ.

Биднийг дотогшоо орсон хойно, “Нөгөө хоёр охиныг гэртээ ирэхийг хараад, би та хоёрыг хаана байгааг асуухаар очлоо. Ээж нь их муу хүн байна. Та нар харийн хүмүүс. Тийм болохоор та нар ирсэн газар уруугаа буцах ёстой гэж тэр эмэгтэй хэллээ” гэж ээж ярив.

Ээж бид хоёрыг тэвэрлээ. Эндхийн хүн болгон ингэж боддоггүйг та нар мэдэх хэрэгтэй. Бидэнд найрсаг хандаж, найз нөхөд минь болох олон хүнтэй бид танилцах болно. Тэр хоёр охин өнөөдөр та хоёрыг төөрүүлж мэдэхгүй газар орхисон ч, Тэнгэрлэг Эцэг биднийг хэзээ ч ганцааранг нь орхидоггүйг та хоёр ойлгосонд би баяртай байна”.

Тэгээд бид өвдөг сөгдөж, бид хоёрыг гэртээ эсэн мэнд эргэж ирэхэд удирдсаны төлөө Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлэв.

Зураг чимэглэлийг Сам Лоолор; © Busath Photography