2010
Гэр бүлийн үдшийн санаанууд
2010 оны долдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор харуулав.

“Дуудлагаараа адислагдсан минь,” х. 11: Энэ хичээлийг заахдаа, зохиолч бүх зүрх сэтгэлээрээ үйлчилсэн үед Их Эзэн ачааг нь хэрхэн хөнгөвчилсөн тухай ярилц. Их Эзэнд үйлчилснээр хэрхэн адислагдсан тухайгаа хуваалцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.

“Анхдагчууд юу авчирсан бэ?”, х. 16: Ерөнхийлөгч Стефен Л.Ричардсын толилуулсан мэргэн ухааны дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг нэрлэх үедээ тунгаан бод. Эдгээр бүрэлдэхүүн хэсэг бүр нь гэр бүлийг тань хэрхэн бэхжүүлж, уг алхмуудыг дагасан хүмүүсийн амьдралыг хэрхэн адисалсан тухай ярилц.

“Сайн мэдээг итгэлтэйгээр хуваалцах нь,” х. 30: “Бид итгэлээ заавал зөвтгөх ёстой гэж бодох хэрэггүй, харин үүнийг хайр, нинжин сэтгэлийн сүнсээр, энгийн байдлаар тайлбарлах хэрэгтэйг санагтун. Үнэн сургаалыг заахад үнэн ямагт давамгайлдаг” гэсэн уг өгүүлэл дэх санааг хэрхэн хэрэгжүүлэхийг ярилцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.

‘Тэр надад “Яасан ч үгүй” гэж хэлсэн,’ х. 58: Өгүүллийг уншиж түүний санааг нэгтгэн дүгнэсний дараа уруу таталттай тулгарсан үед хэрхэн хариулах арга замуудыг жүжигчлэн тоглож харуул. Гэр бүлийн гишүүд Чейс шиг “Яасан ч үгүй” гэж чанга дуугаар хэлэн дадлага хийж болно.

Гэр бүлийн үдшээ яах вэ?

“Гэр бүлийн үдшээ яах вэ?” Өнөө орой гэр бүлийн үдэштэй биз дээ?” гэж манай зургаан настай охин Лейлани асуув. Би үүнд буруутайгаа мэдрэв. Нөхөр бид хоёр гэр бүлийн үдшээ хийдэг байсан ч, ажилдаа түүртэн, цагт хавчигдаж, тэр заншлаа орхисон юм. Лейланигийн сануулга аль нэг шалтгаанаар гэр бүлийн үдшийг хийхгүй байж болохгүй юм байна гэдгийг бидэнд ойлгуулсан юм.

Лейлани эгч Надятайгаа Хүүхдийн Хэсэгт сурсан зүйлээ гэр бүлийн үдшээр заахыг хүсдэг болов. Тэр ч байтугай манай хоёр охин заахыг хүссэн зарчмуудаа дүрслэн харуулах үзүүлэнгүүдийг зурдаг байлаа. Тэд сайн мэдээний тухай ярилцахдаа сонгосон сэдвээр мэдлэгээ байнга өргөжүүлдгийг хараад бид эцэг эхийн хувьд их баярладаг.

“Гэр бүлийн үдшээ яах вэ? Өнөө орой гэр бүлийн үдэштэй биз дээ?” гэсэн үгсийг дахин сонсох нь надад хэцүү байв. Хүүхдүүдийг бага байхад заах нь хамгийн тохиромжтойг би мэднэ. Олон муу нөлөөтэй орчинд хүүхдүүд өсч байна. Гэвч бид хүүхдүүдтэйгээ ажиллаж, хамт өсч хөгжих юм бол зарчим бүхий хүмүүсийг төлөвшүүлэх зорилгодоо хүрч чадна.

Патрици Карденас де Прадо, Гватемал